Кофены зах зээлд тэргүүлэгч “Starbucks” компанийн тэргүүн асан Говард Шульц 2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвших боломжийг судалж байгаа тухай телевизийн "CNN" компани түүний ойрын хүрээний хоёр хүний мэдээллээс иш татан уламжилжээ.

Шульц АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үйлдлийг өмнө нь эрс шүүмжилж байсан бөгөөд тухайн үед түүний шүүмжлэлд мөн Ардчилсан нам ч өртсөн. Тэрбээр тус намын явуулж буй үйл ажиллагаанд либерал байр суурь илүү их зонхилох болсон хэмээн шүүмжилж байсныг "CNN" дурдсан байна.

АНУ-ын Калифорни муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Камал Харрис Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж буйгаа даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн анхны африк гаралтай америк эмэгтэй болсон байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Харрисаас гадна Ардчилсан намаас ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж магадгүй байгаа хүмүүс бол АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, өдгөө 76 настай Жо Байдан, Вермонт муж улсаас Сенатад сонгогдсон, өдгөө 77 настай Берни Сандерс, Нью-Жерси муж улсаас сонгогдсон сенатч Кори Букер, Миннесотагаас сонгогдсон Сенатын гишүүн Эми Клобушар, Нью-Йорк муж улсаас Сенатад сонгогдсон Кирстен Гиллибранд, Массачусетсийн сенатч Элизабет Уоррен нар юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болно.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS