С.Шаарийбуу гэхээр олонх нь охиныхоо төлөө тэмцсэн эцэг хүн гэж хардаг байж болох юм. Түүний тэмцэл ингэж эхэлсэн ч гаргасан мөр нь хүний эрхийн төлөөх харгуй зам болон олон улсад дурайж буй. Хөрөнгөөр нь хэлбэл дэлхийн тэрбумтнуудын нэг, эрх дархаар нь хэмжвэл Малайзын засаглалын бүх мэдлийг атгасан Ерөнхий сайд тэргүүтэй хүчирхэг мафийн өөдөөс "Эр хүн шиг ярилцъя" хэмээн дуугарч, тэднийг төрийн сэнтийнээс нь шүүхийн тавцанд аваачсан нь хэн бэ? Ерөнхий сайд асан Нажибтаа гомдож, түүнээс салахын мөрөөсөл болсон Малайзын олон иргэн нь гэж үү. Үгүй. Монгол хүн үүнийг эхлүүлж чадсан юм. 

С.Шаарийбуугийн гэж бид л эндээ ярьж, ойлгодгоос хилийн гадна түүний үйл хэрэг монголын, монголчуудын гэж нэрлэгддэг.

Хэрэв түүний 15 жилийн цуцашгүй тэмцэл ялалт авчирбал хүний эрхийн төлөө нэгдэж, тууштай тэмцэж чаддаг монголчууд, Монгол Улс л гэж хэлэгдэнэ. Өнөөдөр С.Шаарийбуу гуай, түүний гэргий хоёрт хайрт охиноо, дүүгийнх нь тухайд энхрийхэн эгчээ, хүүгийнх нь хувьд цор ганц ээжээ алдсан эмгэнэлт өдөр. Монголчуудын тухайд харь оронд нэгэн охиноо онц хэрцгийгээр егүүтгүүлсэн хар өдөр. Дуугүй байх эрхгүй өдөр. Тиймээс ч Сэтэвийн Шаарийбууг ярилцлагадаа урьсан хэрэг.


-Та дэлхийн хүмүүст хандаж уриалга гаргаж байгаа тухайгаа хэлж байсан. Энэ мэдээллээр яриагаа эхэлье гэж бодлоо.  

-Махатхир Мохамадын Засгийн газар хоёр жил засаг барьж байгаад өнгөрсөн 2 дугаар сард татан буугдаж, Мухеддин Яссин Малайзын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ хооронд ковид-19 энэ тэр гээд ажил урагшаа явсангүй. 10 дугаар сарын 19-ны энэ өдөр бол Рамадан сарын мацаг барьсны тайллын баярын өдөр мөн боловч монгол хүнээр цуст аллага хийсэн нүгэл болсон. Малайзын ард түмэн буруугүй ч гэмт бүлэглэлийн хүмүүс энэ өдрийг ашиглаж хэрцгий аллага үйлдсэн учир Исламын шашинтнуудын өмнө давхар нүгэл хийсэн гэхээр харагддаг. Энэ өдөр би дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Би сануулж байхгүй бол энэ хэрэг улс орнуудын төр засаг, хүний эрхийн хамгаалагчид, хэвлэл мэдээллийнхний анхаарлаас холдчихоод байдаг юм. Тийм учраас би хүн төрөлхтөнд хандаж УРИАЛГА гаргалаа. 

Энэ уриалгадаа дөрвөн зүйл дурьдсан. "Аймшигт хэрэг гарснаас хойш 15 жил боллоо.  

Малайз Монголын хоёр орны харилцаа царцанги байдалд орсоор удлаа. Алдагдсан нэр хүндээ буцааж авахын төлөө Малайзын ард түмэн сэтгэл санаа зовниж байдаг юм билээ. Даанч энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь харамсалтай. Үнэн мөнөөр шийдүүлэх гэж олон жил явлаа. Ганцхан Монгол, Малайз ч биш, дэлхийн бүх орон энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж, ажиглаж ирлээ.  

Тийм учраас тухайн хэргийг шударгаар шийдүүлэх санал хүсэлт, шахалтаа хүргүүлээчээ” гэсэн уриалгаа өөрийн твиттерээрээ дамжуулан дэхийн улс орнуудад хүргэж байна. Мөн Монгол Улсын ХЭҮК-оор дамжуулж Ази Номхон Далайн Орнуудын Хүний эрхийн комисс, Малайз дахь Монголчуудын холбоо, Дэлхийн хүчирхийллийн эсрэг байгууллага, Малайз, Австралийн Хүний эрхийн комисст хүргүүллээ.

-Хэргийг шийдэх үйл явц ямар шатандаа явж байгаа бол? 

-Тэр аллагыг үйлдсэн офицер Азилах Хадри нь Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа. “Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэгтэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаалаа гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. 

Ирэх 12 дугаар сард шүүх хурлын эхний сонсголоор энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Нажиб Разак нь улсынхаа сан хөмрөгийг хоосолсны төлөө гурван том хэрэгт шалгагдаж, 12 жилийн ял эдлэхээр шоронд орсон. 

Харамсалтай нь аллага үйлдсэн офицерын нэг Сирул Умар нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. Энэ асуудалд Австралийн тал буруутай. Тэр улсад МУ-ын Элчин  сайд байдаг ч төдийлөн анхаарахгүй байна. Хэрэг хуучирдаггүй гэгчээр олон жилийн дараа хэргийг захиалагч болон үйлдэгч бүлэглэлийн ялт ажиллагаа нь үнэнээр тогтоогдож, хэрэгтнүүд зохих ялаа эдлэх цаг хугацаа уруугаа дөхөж байх шиг байна. 

Гэхдээ сүүлийн үед Засгийн газар нь өөрчлөгдсөнөөс ч болсон уу, ковидоос ч болсон уу шүүх хурал нь явагдаж байгаа эсэх, энэ хэрэгт Малайзын төр засаг, хуулийн байгууллага ямар байдлаар хандаж байгаа талаар мэдээлэл авах боломжгүй болсон.

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак

-Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын өнгөрсөн 7дугаар сард авсан 12 жил хоригдох ял энэ хэрэгтэй огт холбоогүй юу?

-Талийгаачийн хэрэгтэй огт холбоогүй. Мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, луйврын хэрэг зэрэгт буруутай гэж тухайн улсын шүүх үзээд 12 жилийн ял оноосон. Нажиб Разакын гэрээс олон орны мөнгөн тэмдэгтийг ачааны таван машинаар зөөсөн гэдэг. Хамгийн өндөр хүчин чадалтай 11 тоологч машинаар мөнгийг нь тоолоход машинуудын батарей нь шатаж зогссон гээд мэдээгээр яриад л байсан шүү дээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй цэвэр ягаан бриллантыг Нажибын эхнэр Англиас худалдаж авснаас болоод Малайзынхны анхаарлыг татсан байдаг юм. Манай талийгаачийн хэрэгт мөн Нажибын эхнэр оролцсон байсан. 

Аллагыг бүрэн гүйцэтгэж үү гэдгийг өөрийн биеэр шалгасан бичлэг нь бий. Малайзад пост болгон камерийн бичлэгтэй, шалгах автомат төхөөрөмжтэй байдаг юм билээ.

Ерөнхий сайд асан Нажиб Разакын эхнэр

-Та өнгөрсөн 15 жилд тууштай явж, тэмцэж ирлээ. Энэ хугацаанд залхах, мухардах, цуцах тохиолдол гарч байсныг үгүйсгэхгүй юм? 

Өнгөрсөн 2018 онд намрын НҮБ-ын хүний эрхийн салбар чуулганы хуралдаан дээр миний тухай ярьсан байсан. “Аливаа хүн шударга үнэний төлөө Монголын Шаарийбуу гэдэг хүн шиг тууштай байх ёстой” гэж яригдсан гэсэн.  

Чиний хэлдгээр ийм асуудал тулгарахаар хүмүүс цөхөрдөг. Үүнээс болж  ял завшигдаад, шударга үнэн шийдэгдэхгүй орхигдох, эсвэл буруу шийдэгдэх тохиолдол олон байдаг юм байна.

Надтай маш олон хүн ирж уулздаг. Хүмүүс зовлон бэрхшээл тохиолдохоор гарцаа олохгүй сандарч, хэнд, хаашаа хандахаа мэддэггүй юм билээ. Хууль дүрэм иргэнд чухал хэрэгтэй гэдгийг ерөөсөө мэддэггүй. Судлаад эрж сураад явбал олон боломж бий. Би зүг чиг тогтоодог, зөвлөдөг ганц хүний ТББ шиг юм болсон. Тиймээс хохирогчийг хамгаалах ТББ-аа ч байгуулж байгаа. Надад энэ бүхнийг орхих эрх байхгүй.  

-2006 онд ийм их эрх мэдэлтэй, хүчтэй бүлэглэлийн үйлдсэн хэргийг хурдан шалгаж илрүүлэхэд юу нөлөөлсөн гэж үздэг вэ?    

-Охины маань хоёр найз таксины жолоочид 100 доллар төлж байж талийгаачийг Багиндагийн гаднаас цагдаагийн хоёр машин хүчээр баривчлаад аваад явсныг мэдэж авч л дээ. Ингээд цагдаагийн байгууллага тэдний хөлсний хуульчийн зааж өгсөн хоёр офицерийн нэгийг нь гэрт байхад нь, нөгөөхийг нь Пакистанд байхад нь баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

Багинда “манай баярын өдөр болох гэж байна. Надад ирж баяр хүргэхгүй юм уу, ганцаараа ирээрэй” гэж хэлээд очихоор нь Малайзын төрийн онцгой хамгаалалтын итгэмжлэгдсэн цагдаа нар хууль бусаар баривчилсан байгаа юм. Тэр аллагыг яг гардаж хийсэн ахлах офицерын Багиндатай утсаар ярьсан бичлэгийг мөрдөн байцаалтад хэргийн материал болгон баримтжуулсан байдаг.  “Чи тэр эмэгтэйг устгаж чадах уу гэхэд нь би урд нь 7-8 хүн цааш харуулсан туршлагатай. Ганц эмэгтэй юу байхав гээд мөнгөн дээрээ тохиролцсон байгаа юм.    

Даалгавар авсан офицер үүргээ гүйцэтгээд орой нь Багинда руу “Өнөө оройноос та тайван амарч болно оо. Мөнгөө авъя. Энэ данс руу шилжүүл” гэсэн мессеж илгээсэн байсан. Тэр алуурчин талийгаачийн ээмэг, бөгжийг аваад халаасандаа хийж орхичихоод Пакистан руу Ерөнхий сайдынхаа хамгаалалтад явсан. Ийм байдлаар хэргийн бүх үйл явцыг тодруулж дуусаад 14 хоногийн дараа Малайзын холбогдох алба Интерполд  хэргийг зарласан.

Энэ хэрэг ингэж бараг үйлдэл дээрээ баригдсан учраас цааш нь хөөцөлдөх боломж надад олдсон. Талийгаач яг баригдахаасаа нэг хоногийн өмнө Интерполд өргөдөл бичээд өгчихсөн байсан. “Намайг элдвээр мушгиад, янз бүрээр дарамтлаад, миний амь насанд аюул учирч болзошгүй байна. Амь насыг минь хамгаалж энэ улсаас гаргаж өгнө үү. Би буцаж гармаар байна” гэсэн өргөдөл өгчихсөн байхад анзаараагүй байгаа юм.   

Малайз орон өөрөө 30 гаруй сая хүн амтай. 20 хувь нь хятад, 10 гаруй хувь нь Энэтхэг, үлдсэн 60 гаруй хувь нь Малай үндэстэн. 1957 онд Английн колониос гарснаас хойш 60 гаруй жил ганцхан Малай үндэсний буюу Малайзын засаглалыг 30-аад жил дангаар барьсан Разак Нажибын нам дархалж байсан цаг үе.

Ийм цаг үед Багиндагийн гэрийн гаднаас монгол эмэгтэй баригдаж яваад алга болсон тухай мэдээлэл Малайзын онц ноцтой гэмт хэргийг мөрдөн байцаах тасгийн даргад ирж л дээ. Тэр дарга Хятад хүн байж таарсан гээд...

-Одоо таныг төлөөлж Малайзад хэн өмгөөлж байна?

-Алдарт хуульч Карпал Синхийн хүү нь Рам Карпал, охин Сангит нар эцгийнхээ эхүүлсэн ажлыг үргэлжлүүлж, хэргийг өмгөөлж байгаа. Хоёр өмгөөлөгчтэйгээ бид гурав ажиллаж байна. Гэтэл нөгөө талд бүхэл бүтэн институти бий. Монгол хар ухаанаар л үзэлцээд байна даа.

-Таны анхны өмгөөлөгч Карпал Синх 2014 онд машинд дайруулаад нас барсан нь харамсалтай. Тэр хүний түүх арвин, сонирхолтой шүү.

Гайхалтай түүхтэй хүн. Оюутан байхдаа оюутны хөдөлгөөн удирдаж яваад олон жил нутаг заагдаж суусан. Дараа нь Малайздаа ирээд хуульч болж, Англи Саксоний хуулинд шударга үнэний концепци боловсруулсан алдартай хүн. Малайзын шударга хуулийг боловсруулахад насаараа зүтгэсэн “Хүндэт парламентч” цолтой цорын ганц хүн байсан юм. Хүндэт парламентч гээд тэр дээр суулгадаг. Тэр хүнийг ороод ирэхээр парламентийн бүх гишүүн босч хүндэтгэл үзүүлдэг байлаа. 

Карпал Синх гуай  “энэ хэргийг надаас өөр хүн авахад эрх мэдэл, мэдлэг чадвар, нэр хүнд нь хүрэхгүй. Шударгаар тийм ч амар шийдэгдэх хэрэг биш”  гээд надтай гэрээ хийсэн. Надад Малайзын олон хуульч хандсан ч би түүнийг сонгож байлаа. 

-2014 онд түүнийг машинд дайруулж амиа алдахад “энэ санаандгүй хэрэг биш” гэж та хэлсэн байсан. Магадгүй талийгаачийн өмгөөлөлтэй холбоотой ч юм билүү гэсэн хардлага төрсөн үү?

-Би тэгж хардах эрхтэй.

-Холливудаас танд тохиолдсон үйл явдлаар кино хийх гэж санал тавьсан гэж сонсож байсан. Энэ талаар тодруулбал? 

Тийм. Ковидоос болоод зохиолч нь ирж чадаагүй л байгаа. Би харин номоо бичээд бараг дууссан. 20 гаруй хуудастай, баримтат, уран сайхны хэлбэртэй “Миний тэмцсэн зам” нэртэй ном бичиж хэвлэлтэд бэлтгээд байна. Цөөхөн мөртлөө маш ойлгомжтой байх ёстой гэж бодоод болсон үйл явдлыг их товчилж бичсэн. Номоо англи руу орчуулж дэлхий нийтэд хүргэнэ.

Талийгаачийг зүгээр ч нэг буудсан юм биш. Маш их тамласан, аймшигтай юм хийсэн. Би тэрийг мэддэг ч ярьдаггүй. Тэр хэргийг хийсэн нөхдүүд тэрнийг минь ярьчих вий, мэдээлэх вий гэж үхтлээ айдаг. Хүмүүс үнэн мөнийг мэдэх эрхтэй гээд энэ тухай номондоо оруулсан.

-Малайзад бэлгийн мөлжлөгт өртсөн 400 шахам бүсгүй байгаа тухай хэргийн золиос болсон бүсгүй 4 дүгээр сарын өмнө хэвлэлд мэдэгдсэн байсан. АНУ-ын “Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан”-д “Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа боловч дорвитой үр дүнд хүрээгүй” гэсэн заалтаар хоёрдугаар зэрэглэлд багтсан хэвээр байна.  Та ч энэ асуудлаар ярьж, анхааруулж, үгээ хэлсээр ирсэн. Нэн тэргүүн юу хийх шаардлагатай гэж үздэг вэ?

-Маш олон эмэгтэй Малайзад гэмт хэргийн золиос болж байна. Бид ямар хэрэг хийсэн, ямар өртэй гэж тэдэнд бөхөлзөх ёстой юм бэ? Эрх биш Монголын төрд Малайзад хэргийн золиос болсон монголчуудын тоо баримт бий байлгүй. Ер нь хүний наймаа, хар тамхины хэрэг Малайзаас л эхтэй. Гэтэл ийм оронд МУ консул, элчингүй. Манай хоёр орны хооронд эрх зүйн гэрээ байхгүй болохоор монголчууд эзэнгүй байна. Хүн өөрт нь зовлон тохиолдохоор л одоо хаачих вэ, яах вэ гэдэг. Энэ үедээ надтай ирж уулздаг. Би туршлага хуваалцдаг хүн биш, бахархаад байх ч зүйл биш. 

Малайзын шоронд болон тусгаарлах байранд олон монгол хүн орсон. Тэдний зарим нь Малайзад суугаа өргөмжит консулд хандаж монгол дахь хүний эрхийн ТББ-уудын дэмжлэгтэйгээр эх орондоо цувран ирсээр байна. Өргөмжит консул гэдэг бол тухайн орноос өөрийнхөө хүсэлтээр ажилладаг хүн. Хохирогчдын зарим нь өөрсдөө маш хүнд байдалд орсноо утсаар ярьдаг, захиа бичдэг,  эцэг эх, ар гэрийнхэн нь ч ирж уулзаж байна. Захидал, утас нь надад бий ч хувь хүний эрхийг зөрчих ёсгүй. “Бид доромжлолын туйлыг үзлээ. Монголчууд энэ орныг битгий зориосой” гэдэг. Малайз улсад элчин консул байгуулаачээ, эрх зүйн гэрээ хийгээчээ гэж би олон удаа өргөдөлдөө бичсэн. Малайзад монголчууд визгүй зорчдогоо болих хэрэгтэй байна. Энэ тухай төрд саналаа ч хүргүүлнэ.

-Танд баярлалаа.