Иргэдиийн дунд хийсэн тооцоо, судалгааг үндэслэн “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох, хяналт тавих журам” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулаад байгаа билээ.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиар 2,0 тэрбум төгрөг батлагдсан юм. 

2020 онд энэхүү төсвийн хэмжээгээр спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээг санхүүжүүлэхэд дунджаар 35 спортын клубт 8,3–33,3 мянган даатгуулагч хамрагдаж, 1–4 удаагийн зардлыг даатгалын сангаас хариуцна гэж тооцоолжээ.

Энэхүү журмаар даатгалын гэрээ бүхий магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд даатгуулагчийн хамрагдах нөхцөл, давтамж, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, стандартын шаардлага хангасан спортын клуб нь даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэхийн өмнө болон дараа эрүүл мэндийн даатгалын цахим системд холбогдсон хурууны хээ уншуулагч төхөөрөмжөөр тухай бүр бүртгэж, даатгалын сангаас урамшуулал авах юм.

Журамд тусгасан гол нөхцөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.3, 6.1.9, 6.1.12-т заасан шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагчдаас Монгол улсын, 19 ба түүнээс дээш насны даатгуулагч  нь спортын клубын үйлчилгээнд нэг удаадаа 1 цагаас доошгүй хугацаагаар, 3 сарын турш 24-өөс доошгүй удаа хамрагдсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшууллын зардлыг олгох юм.

Ингэснээр эрүүл мэндийн эрсдэл болон өвчний улмаас хэвтүүлэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах, түүнчлэн урт хугацаанд даатгалын санд ирэх ачааллыг бууруулна гэж үзэж байна.