Чиара Феррегани (Chiara Ferragni) нь долоон жилийн өмнө 23 настай загварын блог хөтлөгч, Милан хотын их сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг оюутан байжээ. Тэр их сургуулиа дүүргэж диплом өвөртлөөгүй ч өнөөдөр Лос Анжелосын 3.5 сая долларын эртний зүйлсээр дүүрэн тансаг харшид амьдардаг. Бас хүссэн үедээ дэлхийгээр тойрон аялж, алдартай дизайнеруудын хувцас, цүнхний цуглуулгатай.

Энгийн оюутнаас сошиал од хүртэлх зам

Өдөр бүр өөрийн амьдралын хэв маягийг 9.6 сая дагагчтайгаа Instagram дээр хуваалцаж байсныхаа ачаар тэр нийгмийн сүлжээний ертөнцийн оддын нэг болжээ. Тейлор Свифт, Бейонсе нарын оддын жишгээр бус Чиара Феррегани өөрийн арга барилаараа нэрд гарсан юм. 

Тэр зөвхөн хамгийн сайхан, тансаг байршлуудад, загвар зохион бүтээгчдийн хувцасыг өмсөн өөрийн зургаа нийтэлдэг байжээ. Үүнийхээ ачаар тэр алдар нэр, эд баялгийг олж чадсан юм. Өдгөө 12 сая долларын хөрөнгөтэй тэрээр нэг нь 500 доллараар зарагддаг гуталны брэндийг эзэмшдэг. Мөн Pantene-гийн дэлхийн элч төлөөлөгч болох гэрээ байгуулсан азтай нэгэн. 

7 дугаар сарын 30-нд болсон түүний төрсөн өдрийн үдэшлэгт найз залуу Италийн реппэр Федез, Веронагийн тайзан дээр гэрлэх санал тавьсан бөгөөд үүнийг нь орон нутгийн концертын сувгаар шууд цацсан гэнэ. Энэхү бичлэгээ инстаграм дээр оруулсан нь нэг сая хандалттай байсны хагас сая фенүүд нь зүрхэн товчлуурын даржээ. Харин хар богино даашинзтай hashtag #ysl-тай зурган дээр 700,000 дагагч нь “like” дарсан байна. Сошиал медиаг төдийлэн сайн мэдэхгүй хүмүүс түүнийг өндөр зэрэглэлийн брэндүүдтэй тохиролцоо хийсэн гэдгийг таамаглах ч үгүй. Харин ч түүний амьдралын хэв маягт хүрэхийг эрмэлздэг нь үнэн юм.  

Гэхдээ танд ч ийм боломж бий. Учир нь энэхүү ашиг орлого олох ажил зөвхөн олон дагагчтай хүмүүст хамааралтай зүйл биш.

Сошиал медиагаас орлого олохын тулд та заавал мега дагагч нартай байх шаардлагагүй гэнэ. Компаниуд 1.5 тэрбум доллар хүртэлх зардлыг инстаграмд маркетинг хийхэд зарцуулдаг байна. 5000 дагагчтай инстаграм хэрэглэгч ч бүтээгдэхүүний сурталчилгаанд 250 доллар олох боломжтой, гол нь зөв хүрээлэлээ аль болох өсгөх нь чухал гэнэ.

Маркетингийн компанийн мэргэжилтэн Александр хоёр жилийн өмнө "бүтээгдэхүүний бөмбөгдөлт" гэх хөтөлбөрийг боловсруулсан юм. Тэд сошиал медиагаар тодорхой цаг хугацаанд шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор маш олон тооны хүмүүсийг оролцуулах компанит ажил өрнүүлжээ. "Энэ нь маш сайн үр дүнд хүрсэн бөгөөд, хүмүүст тухайн бүтээгдэхүүний талаар мэдлэг олгон, эрэлт хэрэгцээг бий болгосноор богино хугацаанд өндөр борлуулалт хийж чадсан гэдэг.

Гэхдээ Америкийн Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Нийгэмлэг хэрэглэгчийн эрхийг хамгаалахын тулд зар сурталчилгаа явуулахаар төлбөр мөнгө авсан бол сошиал медиад байрлуулахдаа hashtag# -ний ард ad буюу сурталчилгаа хэмээн тодотгохыг сануулжээ.

Нэр хүндтэй брэндүүд эдгээр “нөлөөлөгч”-дийг ашиглах болсон нь тэд дагагч нартайгаа итгэлтэй харилцаа үүсгэсэнд оршдог. Тийм учраас энэ харилцааг алдагдуулахгүйгээр зөв арга барилыг ашигласнаар брэндээ таниулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах нөгөө талаас иргэдэд ашиг олох боломж өсдөг  гэжээ.