Сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Туул гол дээгүүр, Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцүүлэн шинээр барьсан энэ гүүр 289.4 метр урт, хоёр эгнээтэй.  

Шинэ гүүрийн барилгын ажлыг Улсын баяр наадмын өмнө дуусгаснаар замын ачаалал ихтэй баярын өдрүүдэд шинэ, хуучин хоёр гүүрээр наадамчин олноо саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Сонсголонгийн гүүр нь нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

Шинэ гүүрийн барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, барилгын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК богино хугацаанд гүйцэтгэжээ. 

Гүүрийн Т-хэлбэрийн угсармал дам нуруу 30 м алгасалтай, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлгийг цогцоор шийдсэн. Харин төслийн хүрээнд хуучин гүүрийн засварын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс хөдөлгөөнийг хааж эхлүүлэх юм байна.