Их Британийн "EMI Music Publishing" фирмийг худалдан авч, өөрийн салбар болгож байгаагаа Японы Sony корпораци өнөөдөр мэдэгдлээ. Британийн фирм нь 2 сая хөгжмийн зохиомжийн эрх, тэдгээрийн дотор домогт Queen хамтлаг, Alicia Keys, Pink зэрэг дуучдын бүтээлийг эзэмшдэг ажээ.
 
Сони корпораци тус фирмийн хувьцааны 90 хүртэлх хувийг эзэмшихээр төлөвлөсөн бөгөөд үүний тулд Арабын Нэгдсэн Эмирт улсын "Mubadala Investment" сантай 1,9 тэрбум ам.долларын хэлцэл байгуулжээ. Үлдсэн 10 хувийн хувьцааг талийгаач Майкл Жексоны өв залгамжлагчид эзэмших аж.
 
Худалдан авах хэлцэл хийснээр Сони корпораци интернэтээр хөгжмийн бүтээлүүдийг төлбөртэй цацаж, орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна.
 
“Энэхүү хөрөнгө оруулалт нь оюуны өмчийн салбар дахь бидний байр суурийг бэхжүүлнэ. Бид хөгжмийн бүтээлийг борлуулдаг дэлхийн хамгийн том компаниудын нэг болно” хэмээн Сони-гийн ерөнхийлөгч Кэничиро Ёшида Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
 
Энэ санхүүгийн жилд тус корпораци хөгжмийн бизнесээсээ 112 тэрбум иений /1 тэрбум орчим ам.доллар/ орлого олохоор төлөвлөж байгаа бол 2020 онд 130 тэрбум иенд /1,2 тэрбум ам.доллар/ хүргэхээр зорьж байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг