УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа.

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тухай хуульд орсон гол өөрчлөлтүүдийг онцолсныг хүргэж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль нь өмнөх нэгдсэн хуулиасаа тусгаарлаж буйгаараа онцлог. Өмнөх хуульд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ИТХ-ын гэсэн гурван сонгуулийг хамт багтаасан байсан бөгөөд цаг хугацааны зөрчилтэй асуудлууд байсан. Өнөөдөр баталсан хуулиар энэ асуудлыг шийдэж, хугацаануудыг тодорхой болгосон. Тухайлбал, Сонгуулийн санал авах өдрийг хоёрдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлана гэж заасан.

Өмнө нь нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авчихаад, дөрөв хоногийн дараа сурталчилгаагаа эхэлдэг байсан бол энэ хуулиар нэр дэвшигчийн үнэмлэхээ авангуутаа сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр хуульчилсан.

Сонгуулийн хандивын хэмжээг өөрчиллөө. Иргэн 3 сая, хуулийн этгээд 15 сая хүртэлх төгрөг хандивладаг байсан бол шинэ хуулиар иргэн 5, хуулийн этгээд 20 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно. 

Цахимд орчинд сурталчилгаа явуулж болно. Гэхдээ нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойшхи гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд очиж бүртгүүлнэ. Цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлох зэрэг хууль бус сурталчилгаа хийхгүй байхаар хуульчилсан. 

Намууд эвсэж сонгуульд оролцож болно. Тус эвсэл нь сонгуулийн жилд хүчинтэй байна. Эвссэн намуудын олонх тарсан бол эвслийг тарсанд тооцно. 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нэр дэвшихийг хориглосон. 

Сонгуулийн маргаанийг шийдвэрлэх асуудал өмнөх хуулиар тодорхойгүй байсан. Шинэ хуулиар цагдаа ямар асуудлыг шалгаж шийдвэрлэх вэ, ШӨХТГ зэрэг нийт 10-аад байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зөрчил маргааныг шийдвэрлэхээр орсон. Сонгуулийн жилдээ багтааж шийдвэрлэнэ. Одоогийн хуулиар маргаан 4 жил үргэлжилж буй. 

Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байсныг 22 болгосон. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгох болсонтой холбоотойгоор ийм болгосон. 

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2 дугаар сарын 1-ний өдрөөр хязгаарласан.

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагчид 01 дүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх ёстой.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авахгүй. Холимог тогтолцоогоор сонгууль явуулах нөхцөлд саналыг нь авах боломжтой байсан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг авна.