Сонгуулийн ерөнхий хороо нийт иргэдэд хандан уриалга гаргалаа.

Тус уриалгад: 

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох гэж байна.

Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 7 цагаас оройн 20 цаг хүртэл явагдана.

Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан  нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн болно.

Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье.

Эрхэм сонгогчид оо!

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс Та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!" гэжээ.