Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 25-нд Улсын төсөвт тодотгол хийж, УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. /ЭНД дарж уриалгыг бүрэн эхээр нь уншина уу/

Мөн энэ сарын 07-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, тус уриалгаа тайлбарлан үг хэлсэн. 

Тэгвэл өчигдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудлаар "Дэлхий  нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж, 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү" гэсэн санал асуулга явуулж эхэлжээ. Та ЭНД дарж саналаа өгнө үү.

Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорил хэмээн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрсөн “Covid-19” вирусээр өнөөдрийн байдлаар 1.4 орчим сая хүн өвчилж, 80 мянга гаруй нь нас баржээ.

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалт биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргасан. Иргэн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцоно уу гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас уриаллаа.