ЖДҮХС-гаас өөрийн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлүүдээр нь УЕПГ-аас УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн бөгөөд ТББХ-ны гишүүд дөрвөн гишүүнийг бүгдийнх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хурлаар хэлэлцүүлэгдсэн хамгийн сүүлийн гишүүн бол Г.Солтан. Түүний талаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулахдаа "Солтан гишүүний хүү Ахмедийн компани ЖДҮХС-аас зээл авахдаа материалаа дутуу бүрдүүлсэн, зээл авсан компани нь жижиг дунд үйлдвэр гэж бүртгэгдээгүй, бичиг баримтаа нотариатаар баталгаажуулаагүй, эхнэрийнхээ нэр дээр банкинд хадгалуулж мөнгө хүүлсэн" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Солтан гишүүн "Би юу ярьдаг юм, компаниас нь асуу" гээд байна лээ. Ингэхэд одоо компанийн тухай ярих уу, өөрийнх нь тухай ярих ёстой юу. Нэгэнт шударга ёс ярьж байгаа юм бол та өөрөө уучлал хүсээд ажлаа өгчих. Сайн дураараа больчих, баруун аймгийн цөстэй өрийн зангаа гарга л даа. Шударгаар шалгуулчих,хулгай хийгээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл хуулийн байгууллага  өөрсдөө хариуцлагаа хүлээдэг юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Шударга ёс тогтох байх гэдэгт итгэдэг. Гэхдээ юм болгоныг "хонгил" руу чихээд байх нь буруу. АСЕМ, төмөр замын асуудлаар шалгаад явахад хууль хяналтын байгууллагад эрх нь бий. Үүн дээр анхаарал хандуулахыг дахин хэлмээр байна.

Санал хураахад 13 гишүүнээс 10 түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй.