Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Хан Жон Э-ийн зөвлөх Чу Сон Уг болон бусад албаны төлөөлөгчид уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Хан Жон Э нь БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, байгаль орчин, хөдөлмөрийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг судалж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилго дор түүний зөвлөх Чу Сон Угийг Монгол Улсад албан томилолтоор ажиллуулж буй юм.

Энэ үеэр Т.Бадрахбаяр дарга хэлсэн үгэндээ, санамж бичиг байгуулснаас хойш 15 жилийн хугацаанд 35 мянга гаруй монгол залуус БНСУ-ын дэвшилтэт технологиос суралцаж, эх орны хөгжилд хувь нэмэрээ оруулан амжилттай ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Мөн БНСУ-ын Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй монгол эмэгтэй ажил хайгчдыг ажилд зуучлах, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын босго оноог нэмэгдүүлэлгүй тодорхой түвшинд барих, чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтыг хийх, визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч ажил олгогчын буруутай үйлдлээс болж гэрээ нь цуцлагдсан иргэдийн эрхийг хамгаалах тал дээр дэмжлэг хүсэв.

БНСУ-ын Аж үйлдвэрийн салбарын ажил олгогч эзэд солонгос хэлний түвшин өндөр, биеийн хүч сайтай эрэгтэй ажил хайгчийг өөрийн үйлдвэрт ажиллуулах сонирхолтой байдаг тул бид бүхний зүгээс ажил олгогч эздийн сонголтод нөлөөлөх боломжгүй юм. Сонгон шалгаруулах онооны тогтолцоо нь өрсөлдөөнд суурилсан эрүүл тогтолцоо байх ёстой гэдгээ зөвлөх Чу Сон Уг мэдэгдэв. БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд нь чадамжийн үнэлгээ, баталгаажуулалт хийлгэх эрх нь нээлттэй буйг дурдаад цаашид визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч ажил олгогчдын буруутай үйлдлээс болж гэрээ нь цуцлагдах асуудал гаргахгүй байх чиглэлээр судалж үзэхээр болов.



Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар