Энэ сарын 23-ны өдөр Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын сэдэвт олон улсын хурлыг Чингис зочид буудалд болох гэж байна.

Манай улсад 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлийн 890 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус 890 хүний 600 гаруй нь энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ тоо жил тусам өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвөөс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг зохион байгуулж уг ажилд чиглэсэн тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ходоодын хавдартай тэмцэх ажлаар үргэлжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыг эрт илрүүлэх, вирусын эмийг нь өгөх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийдэг болсон. Тэгвэл “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” ходоодны хорт хавдартай тэмцэх ажлаар үргэлжилж байгаа нь энэ аж.

Уг ажлын хүрээнд Монгол-Солонгосын эмч нарын хамтарсан ходоодны хорт хавдрын тухай олон улсын хоёр дахь удаагийн хурлыг энэ сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Энэ хуралд БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүлэх профессор, Сөүлийн их сургуулийн  мэс заслын тэнхимийн профессорууд оролцож, тус улсын ходоодны хорт хавдартай тэмцсэн туршлагаас хуваалцаж, уг өвчний орчин үеийн менежментийн чиг хандлага, мэс заслын орчин үеийн арга техникүүдийг танилцуулцах юм байна. Мөн Монгол улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүд болон судлаачид эмч нар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцах аж.

Түүнчлэн ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, урьдчилан сэргийлэлт, урьдал өвчний оношилгоо эмчилгээний арга, хожуу шатны хорт хавдар өвчтэй өвчтөнд энтерал ба парентерал тэжээлийг хэрэглэх нь зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд нэг ба хоёрдугаар шатлалын эмч нарт зориулсан тусгай сургалтыг зохион байгуулах юм байна.