"Сократус Старт-ап Студио"-ийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт “Янзтай” брэндийн ясны шөл үйлдвэрлэлийн гарааны бизнес хамрагдаж хөрөнгө оруулалтын гэрээгээ байгууллаа. “Янзтай” брэндийн үүсгэн байгуулагч Ш.Сэмжидмаатай уламжлалт хүнс ясны шөл, түүний ач тус, бизнесийнх нь талаар ярилцлаа.


-Манай уншигчдад бизнесээ эхлүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?

-Анх 2 найзтайгаа хамтран хүний эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж ярилцсан юм. Агаар, хөрсний бохирдол нэмэгдсэн, буруу хооллолт ихэссэн, хотын иргэдийн ихэнх нь кальцийн дутагдалтай, харшилд өртөмтгий болсон өнөө үед хүний эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдэхүүн хэрэгтэй гэдэгтэй ч санал нэгдэн уламжлалт хоол хүнсний нэг ясны шөлийг бүтээгдэхүүн болгохоор шийдэн бизнесээ эхлүүлж байлаа. Түүхий эдийн олдоц, органик байдал, монгол мал ямар нэгэн генийн өөрчлөлтгүй гэдэг нь гол давуу тал байсан. Бид “Янзтай” брэндээ дотоодын хэрэглэгчдэд танилцуулж, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад жил хагас болж байна.


-Бодож төлөвлөсөн зүйл, борлуулалт хоёр хэр зөрсөн бэ?

-Хөрсөн дээр буугаад ирэхээр олон зүйл бодож төлөвлөснөөс зөрдөг юм билээ. Анх жилийн дараа л ашигт ажиллагаандаа хүрнэ гэж төлөвлөсөн ч талаар болсон.

Алдсан, зорилгоо буруу төлөвлөсөн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн дөө. Мөн хэрэглэгч талдаа худалдан авалтын зан төлөв төсөөлснөөс өөр байсан. Одоо л хэрэглэгчдийн хэрэглээний хандлага өөрчлөгдөж байна. 


-Магадгүй ясны шөлийг гэртээ боловсруулчихна гэж боддог байх?

-Яг иймэрхүү ойлголт байдаг л даа. Гэхдээ бид завгүй нийгэмд амьдарч байна. Дэлгүүрт ороход бэлэн гурил, татсан мах, хөлдөөсөн ногоо бүгд л худалдаалагддаг болчихлоо.  Булууны ясыг 12 цаг усанд дэвтээгээд 12 цаг чанана гэдэг өрх гэр, гэрийн эзэгтэй нарын хувьд маш их цаг орох ажил, үүнийгээ дагаад алдагдсан боломжийн зардал нь их гардаг.

Бидний бүтээгдэхүүн олон эзэгтэй нарын цаг, мөнгийг хэмнэж байгаа юм.


-Танай шөл дотроо ямар нэгэн хольцтой юу? 

-Хэрэглэгчид ихэвчлэн манай шөлийг дотроо ногоотой юм уу, ястай юм уу гэж асуудаг юм. Бид гурил, яс, ногоо, мах зэрэг ямар нэгэн хольцгүй ясны цэвэр шингэн шөл үйлдвэрлэдэг. Нэр төрлийн хувьд л өөр өөрийн онцлог, амттай үйлдвэрлэдэг. 


-Булууны ясыг чанахад маш их тос хөвдөг шүү дээ. Шөлийг савлахдаа тосыг нь авчихдаг уу?

-Тосны заримыг нь шүүж авдаг. Тодорхой хэсгийг нь үлдээгээд шөлтэйгээ шингээж жигдрүүлдэг юм. Яагаад гэвэл тэр тос нь эрүүл мэндэд ач тустай учраас бүгдийг нь хамаад авчихаж болохгүй. Өөх, тос л бол холестрин гэж үзэх нь буруу юм, өөх тосны зохистой хэрэглээ гэж бий. Дэлхийн чиг хандлага ч өөрчлөгдсөн, бид орц найрлагын зохист харьцааг нь хатуу баримтладаг.   


-Ясны шөл л гэж ярьдаг яг ямар найрлагатайг тэр бүр хүмүүс мэддэггүй шүү дээ. 

-Ясны шөлний эрүүл мэндийн ашиг тус маш их. Хамгийн гол агуулж байгаа зүйл нь кальци, коллаген юм. Бид ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг, дархлаа сайжруулдаг гэдгээр нь сайн мэднэ. Зарим хүмүүс дархлаа муудлаа, кальци дутлаа гээд эм уудаг. Гэтэл тэрхүү химийн бодис, нэмэлт бүтээгдэхүүний 10-хан хувь нь л цусанд шимэгдэж, үлдсэн нь хүний биеэс гадагшилдаг. Харин ясны шөлнөөс авч байгаа кальц, коллаген нь хүний биед 90 хувь шимэгддэг гэдгээрээ давуу талтай. Сонирхуулахад нэг аяга ясны шөл ууснаар өдрийн кальцийн хэрэглээний 30 хувийг нөхөж чадна. Энэ ч утгаараа манай шөлийг эрүүл зөв хооллолтын хэд хэдэн төв, клубынхан тогтмол хэрэглэдэг. Жингээ хаях гэж байгаа хүмүүс эрдэс бодисоо алдахгүйн тулд манай шөлийг нэлээн авч хэрэглэж байна. 

 

Би өөрөө ч байнга хэрэглэдэг. Хугацаа уртасгагч, тогтворжуулагч гэх мэт химийн нэмэлтгүй, органик бүтээгдэхүүн тул дөнгөж бор хоолонд орж байгаа хүүхдэд өгсөн ч болно.

Ер нь уламжлалт хоол хүнсээ зөв судлаж хэрэглэж чадвал монгол хүн эрүүл байх юм билээ. Нэг талаас бид азтай ард түмэн шүү дээ. Дэлхий дээр Монгол шиг бэлчээрийн МАА-тай, мал нь өвсний сайныг идэж усны сайныг уудаг орон ховор. Тийм ч учраас гарсан бүх бүтээгдэхүүн нь органик. Үүнийг би өөрийн бие дээрээ туршиж мэдэрсэн. 5 жилийн өмнө ядраад тэнхэрдэггүй, тухайн үед эрүүл хооллохоор шийдэж жимс ногоо түлхүү хэрэглэж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэх гадаадын гоё сав баглаа боодолтой эмийг янз бүрээр нь хэрэглэсэн ч сайжраагүй. Харин хоол зүйчид хандтал дандаа монгол хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн. Шар тос, арвайн гурил, ясны шөлөө хэрэглэхээр тамир тэнхээ орж, тэр дороо сэргээд ирдэг юм билээ. 

Уламжлалт хоол хүнсээрээ зөв хооллох нь эрүүл мэндэдээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгосон. Тийм ч учраас 100 хувь органик, хүний биед эм болох бүтээгдэхүүнээ цаашлаад дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна.


-Танайх хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна вэ?

-Одоогоор “Янзтай” нэрийн 5 бүтээгдэхүүн гаргаад байна. Тухайлбал үхрийн булууны ясны цэвэр шөл, цэвэр шөлөө амталсан халуун ногоотой ясны шөл, зөөлөн шөл гаргаж байна. Мөн хонины ясны “Янзтай” шөл бий. Хонины ясны шөлийг ээжүүд андахгүй, ханиад томуунаас сэргийлж хүүхдийн дархлааг сайжруулдаг. Хий дарж, ядаргаа тайлах үйлчилгээтэй учраас асаргаа сувилгаатай хүмүүст бас түлхүү хэрэглэдэг юм. Үхрийн чөмөгний тосыг савлан худалдаанд гаргасан. Чөмгийг гоо сайханд, хүнсэнд түлхүү хэрэглэдэг. Чөмгөний тосны хүчил, коллаген зэрэг нь үе мөчний өвчний эмчилгээнд маш сайн нөлөөтэй.


-Бизнесээ тэлж, өөр түвшинд хүргэхээр "Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт хамрагдаж хөрөнгө оруулалтаа авч чадлаа. Ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?

- "Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт хамрагдах, хамтрах болсондоо маш их баяртай байна. Миний хувьд энэхүү инкубатор төвд тоног төхөөмжөө нэмэгдүүлэх санхүүжилт, хөрөнгө оруулалт татах зорилгоор анх хандсан юм. Ингэд гарааны бизнес эрхлэгчдэд зориулж зохион байгуулдаг сургалтуудад хамрагдсан. Ингэснээр миний өмнө туулж биеэр амссан алдаа чухам юунд байсныг, алдаагаа богино хугацаанд засварлах ёстойг, цаашлаад бизнесээ өргөжүүлэхэд учрах саад, бэрхшээл, асуудлаа анхнаас нь системтэйгээр оношилж цэгцтэй явах нь амжилтын гол эх үүсвэр гэдгийг ойлгосон. Мөн бизнесээ бүр амбицтай, өргөн хүрээнд, өөр нүдээр харж эхэлж байгаа шүү.

Сократусаас үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг өргөтгөх хөрөнгө оруулалт авах болсондоо гол нь биш, бойжуулах үйлчилгээний хүрээнд үзүүлж байгаа бизнесийг амжилттай бизнесийн систем болгох шийдлүүд нь старт-ап эхлүүлж байгаа бидэн шиг бизнес эрхлэгчдэд хамгийн том давуу тал боломжийг олгож байгаад бүр илүү баяртай байна.

Бидний хамтын ажиллагааны зорилгын хүрээнд бид бид хамтран үнэ цэнийг бүтээж чадна гэдэг итгэлтэй байгаа.