Тээврийн цагдаагийн албанд улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна. 

Энэ сарын 3-7-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 4 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам осол гарсан байна. Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 2018.09.06-ны өдөр 20 цагийн орчим СХД-ийн нутаг Тахилтын 6-р буудлын баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй Daewoo маркын мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон,
  2. 2018.09.04-ний өдөр 13 цагийн орчим ХУД-ийн нутаг 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан 2 сартай А-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн жолоочийг шуурхай олж тогтооход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.