Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг хятадын компани нийслэлийн газар нутагт явуулах гэж буй талаар НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун өнөөдөр Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоотой хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр С.Мөнхчулуун "НИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу 100 хувь Хятадын Засгийн газрын компани болох "Тэньжин фүүдс" компаниар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлүүлүүлнэ гэдэг ажил орж ирсэн. Үүний хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчидэд "Улаанбаатар Агро" гэдэг компани байгуулна гэсэн санал орж ирсэн. Энэ саналын Тэргүүлэгчид хэлэлцээд олонх нь дэмжилгүй буцаасан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Дээрээс нь өнөөдөр хөл дээрээ тогтож эхэлж буй хүлэмжийн аж ахуй эрхлэгч ААН-үүдээ татаж унагаах хор уршигтай. Тиймээс үүнийг хийж болохгүй гэж үзсэн. 50 га газар гэдэг бол Монголд байгаа Хүлэмжийн аж ахуйнуудын 90 хувьтай тэнцэх хэмжээний газар юм байна гээд буцаасан.

Гэвч тус 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрөө ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байгаа. Тус бичигт өөр компаниар дамжууж тус ажлыг хийхээр болсон байна. Мөн нийслэлийн өмчит Улаанбаатарын менежмент, хөрөнгө оруулалтын компаниар дамжуулж энэ ажлыг хийнэ гэсэн бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. 

Тэгэхээр нийслэлийн 50 газарт Хятадын хөрөнгө оруулалттай компани 40 тэрбум төгрөгөөр хүлэмжийн аж ахуй эрхлэх юм байна. Энэ бол байж болохгүй асуудал гэдгийг иргэд, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид надтай холбогдож хэлсэн. 

Хүнсний аюулгүй байдал гэдэг бол үндэсний аюулгүй байдлын томоохон хэсэг. Нийт Монголчууд, цаашид үр хүүхдүүдийн маань идэх хүнс тэжээлийг химийн хортой бодисоор хордох асуудал гарч ирэх юм байна. 

Тиймээс өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна" хэмээн мэдэгдлээ.

Уг шаардах бичигт "НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонх уг асуудлыг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл хотын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын талаас "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент" хаалттай хувьцаат компанийг Тяньжин хоттой хамтран ажиллахаар сонгосон тухай албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Үндэсний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөх энэ асуудлыг анхаарч, яаралтай шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.