Сүхбаатарын талбайг тойрон байрлуулсан боржин чулуунууд энэ өдрүүдэд ярианы сэдэв болоод буй. Хотын Захирагч С.Амарсайхан уг чулууг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр загвар, дизайны хувьд шаардлага хангахгүй байгаа учир ахиад засаж таарна гэж хэвлэлийнхэнд тайлбарласан. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэсэн юм.

Хэлбэрийн асуудал ч ингэсхийгээд шийдэгдэх нь бололтой. Харин уг чулууг байрлуулахад төсвөөс 152 сая төгрөг буюу чулуу тус бүрт 3 сая төгрөг зарцуулсан гэх яриа асуудал дагуулаад буй. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун  өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Тэрбээр "Нэг бүрийг нь 69$ -оор ийм гоё хэлбэртэйг авчих юмыг 1080 орчим $-оор авсан болж таарч байна. Татварын мөнгө уйлахгүй юм даа." хэмээн жиргэжээ.  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч С.Мөнхчулуун ийнхүү тайлбарлаж байгаагаас үзэхэд нийслэлд шахааны бизнес чамгүй ашиг олдог бололтой.