Ургамлын тоосны харшил ид эхэлж буй энэ үед харшлын өвчнөө аргалаар утаж эдгээсэн талаар нэлээн бичих болсон. Энэ талаар Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор, харшлын эмч С.Мөнхбаярлахаас тодрууллаа.

-Аргалын утаагаар утах нь хэр  зөв эмчилгээ вэ?

-Энэ зун аргалын утаагаар утах арга хүмүүсийн дунд нэлээн яригдаж байна.Аргал хомоол шатааж утаагаар нь утаж харшлыг эмчилнэ гэдэг ямарч үндэсгүй ташаа ойлголт. Харин ч энэ буруу зан үйлээс болж утаа амьсгалын зам, гуурсан хоолойн салстыг хэт цочироож шинж тэмдэгийг ужигруулна. Мөн олон давтаж удаан утсанаас салстыг гэмтээж, улмаар хамрын харшлыг хүндрүүлж астма болгох аюултай. Цочиролд өртсөн амьсгалын зам эргээд харшлын шинж тэмдгийг бүр ч ихээр нэмэгдүүлдэг. Хэрэв утаагаар утаад эдгэрдэг байсан бол шинжлэх ухааныг хөгжүүлж, зардал гаргаад хэрэггүй биз дээ. Сүүлийн үед ард иргэд бүүр аргалаар утах жор зохиож бие биедээ зөвлөж байгаад харамсаж байна. Шинжлэх ухаан хөгжсөн энэ зууны хүмүүс утаагаар эмчлэх энэ аргад итгэж эрүүл мэнддээ эрсдэлд оруулаад байгааг эмч хүний хувьд хараад эмзэглэдэг.


-Энэ арга NHK телевизийн баримтат нэвтрүүлгийн дараа нэлээн их дэлгэрсэн. Учир нь юундаа байна?

-Тэрхүү нэвтрүүлгийн хувьд орчуулга нь зөв байсан. Гол нь хүмүүс буруу ойлгосон тал бий. Энэ нэвтрүүлэгт хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хот суурин газрыг бодвол астма харшил бага байгааг л харуулсан. Жирийн малчин айл гэхэд аргал хөрзөн оруулах, мал маллах, идээ ундаа бэлдэх хэрэглэх бүртээ гараа угааж ариутгаад байдаггүй биз дээ. Байгалийн хоруу чанар багатай хүнд ашигтай нян, бичил биетэн нь тэр хүмүүсийн амьсгал, хоол боловсруулах зам, арьс салстаар орж дархлааг нь ажиллуулаад байгаа хэрэг юм. Харин суурин газар ариун цэврийг хэт сахидаг, бохир зүйлд хүрэнгүүтээ угааж арилгадаг. Ингэхээр хүний биед орох бичил биетэн багасч дархлаа тогтолцоо гэдэг зүйл хийх ажилгүй болчихож байгаа учраас буруу ажиллаад байна гэсэн үг. 

Хүн бол байгалийн бүтээгдэхүүн учраас байгалиас өөрт хэрэгтэй ашигтай хоруу чанар багатай шимэгч, мөөгөнцөр, нян зэрэг бичил биетийг авч дархлаа тогтолцоо нь тэнцвэржиж байдаг.

Энэ зүйлс хүний биед орсноор хүний дархлаа тогтолцоо тэдгээрийн эсрэг хариу урвал үзүүлж үйл ажиллагааны хувьд хэвийн ажиллана. Эргээд байгалиасаа холдохын хэрээр хүний биед нэвтрэн орж ирэх бактери багасдаг. Ингэснээр л дархлаа тогтолцоо гажуудаж ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнснийхээ эсрэг дархлааны урвал өрнүүлчихдэг хэрэг.

-Байгалиасаа холдох тусам харшилд өртөмтхий болох нь ээ дээ?

-Үүнийг 1990-ээд оны үед Английн эрдэмтэн баталчихсан байгаа юм. Тэр хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын иргэдийн дунд харьцуулсан судалгаа хийсэн. Судалгаанаас хөгжингүй орнуудын хүн ам харшлын өвчнөөр түлхүү өвджээ. Нарийвчлаад хөгжингүй орнуудын мал аж ахуй эрхэлж буй болон суурин газар амьдарч байгаа хүмүүсийг харьцуулсан. Ингэхэд фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийн дунд харшил өвчин бага байгаа нь тогтоогдсон байдаг. Учир нь бактер, шимэгч хорхойн халдварын хүчин зүйлстэй илүү ойрхон байгаа нь дархлал тогтолцоог дэмждэгт байгаа юм. Гэтэл эсрэгээрээ хэтэрхий ариун цэврийг сахиж суурин газар амьдардаг хүмүүсийн дунд харшлын өвчлөл ихэссэн.