УИХ-ын гишүүн Самандын Жавхлан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж өргөн бариад хоёр сар орчим болж буй. 

Журам ёсоор 30 хоногийн дотор олон нийтэд танилцуулагдаж УИХ-д хэлэлцэх шат руу орох ёстой ч өнөөг хүртэл яригдаагүй байгаа билээ.

Түүний боловсруулсан хуулийн заалтууд батлагдвал ЖДҮ-чин гишүүд болон төсвийн хөрөнгөөс мөнгө зувчуулсан хэрэгт орооцолдсон, ашигт малтмалын лицензтэй, офшор данстай улс төрчид сонгуульд нэр дэвших эрхгүй болох юм.

Гэвч ийнхүү хэлэлцэгдэхгүй хойшилж буйд ундууцсан эрхэм гишүүн С.Жавхлан чуулганы хуралдаанаар эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэрбээр, 

"Миний бие хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Өнөөдрийг хүртэл ямар ч хариу байдаггүй. Гадаадын захиалгатай, тодорхой эрх ашгийн төлөө хууль хоёр цагийн дотор хэлэлцэх юм. Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай гэж ерөөсөн. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Миний хуулийн хариуг өнөөдөр хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлаж байна. Монголын түмэн олны өр сэтгэлийг бичсэн хууль яагаад хэлэлцэгдэж болдоггүй юм бэ. Муу, бурангуй зальжин ажилладаг, хулгай, муухай сэтгэлээрээ алх цохиж, монголчуудыг хохироодог оо боль. Та нар наад алхаараа өөрсдийгөө цохь. Төрийн ордныг арц хүжээр ут. Хүн амиа алдаж, бузартсан байна. Өөрсдийгөө л лам, хутагт хувилгаадаар засуулж даатгуулаад яваад байдаг. Өнөөдрийн энэ махны үнэ, сайдуудын байж байгаа царай, хар тамхитай холбогдсон зүйлээ хар нэг ч болж байгаа зүйл алга" гэсэн юм.