Сиритэй холбоотой асуудлыг олон улсын хуулийн хүрээнд, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ холбогдох талуудад уриалж байна гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
АНУ ба түүний холбоотнууд, тодруулбал Их Британи болон Франц улс өнгөрөгч баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирид пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хятад улс олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг эрс эсэргүүцэж, бусад улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болоод газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсаар ирсэн. Тусгаар улсын эсрэг дангаар цэргийн ажиллагаа явуулах нь НҮБ-ын дүрэм журам болоод олон улсын хуулиудыг зөрчсөн хэрэг” гээд, Сирийн асуудлыг олон улсын хуулийн хүрээнд, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг уриалсан байна.
 
Энэ сарын 7-нд Сирийн засгийн газрын хүчнийхэн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газар руу химийн давшилт үйлдэн олон хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг хордуулсан гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи Сирид пуужингийн цохилт өгсөн юм.

Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн давшилт үйлдсэн гэх хэргийн тухайд Хуа Чуньин ярихдаа “Цагийн шалгуурыг даван туулж чадах найдвартай дүгнэлт гаргахын тулд энэ хэргийг холбогдох бүх талыг хамруулан үнэн зөвөөр мөрдөн шалгах хэрэгтэй. Ийм ноцтой асуудлыг урьдчилан таамаглалаар шийдвэрлэх нь зүйд нийцэхгүй. Сирийг тойрсон асуудлыг шийдвэрлэх цорын ганц зөв арга зам бол улс төрийн яриа хэлэлцээ хийх юм гэж Хятад улс үзэж байна” гэжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг