Сирид тусламж үзүүлэх хандивлагч улсуудын хоёр дахь удаагийн Олон улсын бага хурал Брюссель хотод эхэлжээ. Европын холбоо болон НҮБ-ын урилгаар 85 улс болон байгууллагын төлөөлөгчид Сирийн хүн ам болон дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг цуглуулах,  түүнчлэн тус улс дахь нөхцөл байдал болон хямралыг зохицуулах улс төрийн үйл явц, байдлыг хэлэлцэхээр Брюссельд хотод айлчлан ирсэн байна.
 
Тус хуралд оролцож байгаа улс орнуудын тоонд Европын холбооны бүх гишүүн улс болон Орос, Хятад, Турк, Иран, АНУ, Египет, Ливан, Саудын Араб, Пакистан, АНЭУ, Энэтхэг, Канад, Катар зэрэг улс багтжээ.
 
Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага, Олон улсын валютын сан, Арабын улсуудын холбоо,  Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн банк, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО зэрэг байгууллага тус уулзалтад уригдсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг