БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод зорчих иргэдэд хандаж зөвлөмж гаргалаа

Жагсагчид өнөөдөр буюу 7 дугаар сарын 26-ны өдөр Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудлын ирэх нислэгийн танхимд жагсахаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа.

Лантау дахь Олон улсын нисэх онгоцны буудал болон Юэн Лонг зэрэг газруудад жагсаалын үеэр зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байхыг зөвлөж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалахыг хүсэв. Сүүлийн үед Хонконгод зохион байгуулагдаж буй жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулсан байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас гадна Канад, Япон, БНСУ болон Ирланд Улс Хонконгод зорчих иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргаад байна.

Иймд Хонконгоор дамжин нисэх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.



Эх сурвалж: Сингапур дахь Элчин сайдын яам