Сибирьт гарсан түймэр өргөн хэмжээг хамарч, өчигдрөөс утаа нь манай улсыг бүрхээд байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн П.Соронзонболд "2019 он гарснаас хойш улсын хэмжээнд ой хээрийн 88 түймэр бүртгэгдсэн. Хамгийн сүүлд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад гарсан түймрийг энэ сарын 19-нд бүрэн унтраасан.

Өнөөдрийн байдлаар долдугаар сарын 19-нөөс хойш Монгол Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн бүртгэл, мэдээлэл ирээгүй. 

Сибирийн түймрийг хиймэл дагуулын мэдээгээр харж, агаараар татаж үзэхэд манайхаас ойролцоогоор 700 км-ын зайтай байна. Энэ түймэр Байгаль далайн цаана гарсан. Наана нь Эрхүү, Чита хотууд байгаа. 

Өнөөдрийн байдлаар манайхтай хиллэсэн ОХУ-ын хил дагуу түймэр байхгүй. 2019 он гарснаас хойш ОХУ талаас 5 удаагийн ой, хээрийн түймэр Дорнод, Хэнтий аймгийн сумдаар давж ирсэн. 

Түймрийн утаа уржигдраас ажиглагдаж эхэлсэн. Сая хиймэл дагуулаас харахад Хөвсгөл, Булган аймагт утаатай байна. Утаа орж ирж буй нь салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж буй. Түүнээс биш Эрхүүд гарсан түймэр өнөөдөр, маргаашдаа шууд манай улс руу тархаж орж ирэх боломжгүй.

ОХУ-ын мэдээллээс харахад, сайд нь ярилацлага өгөхдөө "түймэр унтраах зардал нь хохирлынхоо зардлаас давчих гээд байна" гэсэн байсан. ОХУ-ын талаас ямар арга хэмжээ авах гэж буй талаар одоогоор бидэнд мэдээлэл алга" хэмээлээ.