МОСКВА. /Lenta/. Цэргүүд Сибирь болон Алс Дорнодод гарсан ойн түймрийг тав хоногийн дотор унтраана гэж тооцоолж байгаа тухай «Известия» сонин ОХУ-ын Батлан хамгаалах яаман дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Красноярскийн хязгаарт гарсан түймэртэй тэмцэхэд Ил-76 загварын 10 нисэх онгоц болон ус асгагч тусгай төхөөрөмж суурилуулсан цэргийн тээврийн 10 нисдэг тэрэг ашиглахаар болжээ. 

Гал унтраах нислэгүүд орон нутгийн цагаар наймдугаар сарын 1-ний өглөөний 10 цагт /Москвагийн цагаар өглөөний 6 цагт/ эхэлсэн байна. 

Зөвхөн Красноярскийн хязгаарт гэхэд нисэх онгоцуудыг гал унтраахад ашиглахад 350 сая рубль шаардлагатай гэж тус хязгаарын захирагч Александр Усс ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хамтран зохион байгуулсан зөвлөгөөний үеэр мэдээлжээ. Гал түймэртэй тэмцэхэд Засгийн газрын нөөц сангаас нэмж хөрөнгө мөнгө гаргана гэж Медведев мэдээлээд, хамгийн гол нь хүн ам суурингуудад гал тархахаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг цохон хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал түймэртэй тэмцэхэд нэгдэхийг Батлан хамгаалах яамандаа долдугаар сарын 31-нд үүрэг болгожээ. Түймрийг унтраахад 2700 хүн, 390 нэгж техник, 28 нисэх онгоц оролцож байна.  

Долдугаар сарын 31-ний байдлаар, ОХУ-д гарсан ойн түймрийн нийт талбай гурван сая га болж нэмэгджээ. Түймэртэй холбогдуулан таван бүс нутагт онц байдал тогтоосон байна. Эрхүү муж, Красноярскийн хязгаар болон Якутад байдал хүнд байгаа бөгөөд Сибирь, Өвөр Байгалийн хязгаарын зарим хот түймрийн утаанд автжээ. Хотуудын оршин суугчдад амны хаалт тараасан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг