МОСКВА. /TASS/.  “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д даваа гарагаас нийлүүлж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийдөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар телевизийн шууд дамжуулалтаар холбогдон хий дамжуулах уг хоолойг нээх ёслолд оролцлоо.


“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж В.Путин цохон тэмдэглэжээ. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин нээлтийн үеэр үг хэлэхдээ, хоёр улсын хамтын ажиллагаа янз бүрийн салбарт цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


“Сибирийн хүч” бол “Газпром” болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. “Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг “Газпром” компани хариуцах ажээ.


Эхний зургаан сард хийн хоолойн шахуургыг ашиглалтад оруулах горимоор ажиллуулах бөгөөд "Сибирийн хүч" 2025 онд бүрэн хүчин чадлаараа хийх дамжуулж эхэлнэ.




“Газпром” компани 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээг 2014 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпорацтай байгуулсан билээ. Энэ нь тус компанийн хувьд түүхэн дэх хамгийн том гэрээ юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг