ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзах үеэрээ Си Жиньпин Японд ирэх хавар айлчлах боломжийн талаар хэлэлцжээ.

Хоёр орны удирдагчид Осака хотноо “Их 20”-ийн уулзалт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу пүрэв гарагт уулзжээ. Си Жиньпин БНХАУ-ын даргын албыг хашиж эхэлснээсээ хойш Япон улсад анх удаа айлчилж байна. 

Уулзалтын үеэр А.Шинзо Япон, Хятадын харилцаа хэвийн замналдаа орсныг онцлоод, энэ онд Японд Рэйвагийн эрин эхэлж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой болж буйтай холбоотойгоор хоёр орны түүхийн шинэ үе шат эхэлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Үүний хариуд Си Жиньпин, хоёр улс харилцааны түүхийн шинэ эрин үеийн эхлэл дээр ирснийг тэмдэглээд, стратегийн манлайллаа хамтран бэхжүүлж, шинэ эрин үед тохирсон хоёр талын харилцааг цогцлооно хэмээн найдаж байна гэж хэлсэн байна. 

Си Жиньпин ирэх оны хавар хүндэт зочины хувиар Япон улсад айлчлах талаар талууд хэлэлцсэн байна. Мөн хоёр орны удирдагчдын хийгээд өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлал, хэлэлцээг тогтмол зохион байгуулах нь ихээхэн ач холбогдолтой талаар талууд санал нэгджээ. 

БНХАУ-ын дарга өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Пёньян хотод хийсэн уулзалтын үр дүнгийнхээ талаар А.Шинзод танилцуулсан байна. Мөн тэрбээр Япон-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах А.Шинзогийн хүсэлтийг Ким Жөн Унд дамжуулжээ. Япон-БНАСАУ-ын харилцааг сайжруулж, олон арван жилийн өмнө БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг зохицуулахад туслалцаа үзүүлнэ гэдгээ Си Жиньпин мөн илэрхийлжээ.

А.Шинзо, Си Жиньпин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллахаа дахин нотлоод, БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой талаар санал нэгдсэн байна. 

АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны талаарх Си Жиньпиний тайлбарын хариуд А.Шинзо уг маргааныг бямба гарагт товлосон АНУ-БНХАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тэргүүтэй хэлэлцээний замаар шийдэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр оюуны өмчийн эрхийг хамгаалж, бизнесийн шударга орчин бий болгохыг Си Жиньпинд уриалжээ. 

Хоёр орны удирдагчид Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл болон Япон, Хятад, БНСУ-ын гурван талын хэлэлцээрийн дагуу худалдааны чөлөөтэй, шударга системийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар тохиролцсон байна. 

А.Шинзо Өмнөд Хятадын тэнгист оршдог Сэнкакү арлуудын ойролцоох далай тэнгисийн үйл ажиллагаагаа хязгаарлаж, Японы баривчлагдсан иргэдийг эх оронд нь буцааж, Япон хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтаа цуцлахыг уриалсан байна. Мөн тэрбээр Хятадын "нэг улс-хоёр систем" бодлогыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг