Эрүүл мэндийн яамны 17:00 цагийн мэдээллийг бид хүргэсэн. /Энд дарж уншина уу/

Тэгвэл дөнгөж сая буюу 18:00 цагаас Эрүүл мэндийн яам дахин шуурхай мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00 цагаас хойш хийсэн шинжилгээнүүдийн талаар хүргэе.

Улаанбаатар хотод халдварын голомт, хавьтал болох 836 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Найрамдал зуслангийн 156 хүүхдийн шинжилгээ хамрагдсан. 

Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 5 хүнээс коронавирус илэрлээ. Өглөө мэдээлэл хийхдээ Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан. Баталгаажуулах PCR шинжилгээг хийж байна гэж зарласан. Дээрх 5 хүн нь тэдний 5 юм. Бусдаас нь коронавирус илрээгүй. Мөн 395 хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд 5 хүний хариу эерэг гарсан. PCR шинжилгээгээр баталгаажуулна.

Дархан-Уул аймагт өглөө нэг хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. PCR шинжилгээгээр вирустэй нь батлагдлаа. /17:00 цагт мэдээлсэн/

Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 340 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжсэн. Нийт 329 хүн эмчлэгдэн эдгэрсэн" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Улаанбаатар хотын голомтод батлагдсан 10 тохиолдол, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 1 буюу дотоодын нийт халдвар 20 боллоо.//Үүнд ХӨСҮТ-ийн эмч, ажилчид ороогүй болно./ Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмөр замыг дагасан төв суурин газруудыг дамнасан коронавируст халдварын тохиолдол нийт 10 тохиолдол батлагдлаа. Иймд төмөр замын дагуу ажиллаж, амьдардаг иргэд эрүүл мэнддээ хяналт тавьж, шаардлагатай бол коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна" гэв.