Төрийн ордонд яг одоо С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэгийн хэсгийг сэтгүүлчдэд үзүүлж байна.

Тус бичлэгийг ямар ч камергүй орчинд үзүүлж буй бөгөөд, зураг дарж, бичлэг хийж бичлэгийг гадагш задруулахыг хориглож буй юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллаад буй Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэгт гүтгэж, эрүүдэн шүүсэн байна. Мөрдөн байцаах үеийн бичлэгийг сэргээсэн" хэмээн мэдэгдсэн. Үүний дараа Засгийн газар захирамж гаргаж, тус бичлэгийн хэсгийг нууцын зэрэглэлээс гаргасан. Улмаар уржигдар буюу өнгөрсөн лхагва гарагийн орой УИХ-ын гишүүд 30 орчмын тус бичлэгийг хаалттай горимд үзсэн. Бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд ямар байр суурьтай буйг бид мэдээлсэн. /Энд дарж уншина уу/

Тэгвэл яг одоо буюу 11.00 цагаас Төрийн ордонд эрүүдэн шүүснийг харуулсан гэж буй тус бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлж байна.

Эрүүдэн шүүсэн байж болзошгүй дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүй хэсгийг Тагнуулын ерөнхий газраас таслан үзүүлж буй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.