"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэг дээр  Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагайн нэр ч мөн холбогдоод амжсан билээ. 

Уг асуудлаас үүдэн Н.Мөнгөншагай шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл шүүхээс иргэн Э.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2   497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар хангаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл иргэн Э.Цэрэндолгор Н.Мөнгөншагайгийн нэр хүндэд халдсан болох нь батлагджээ.

Тус заалтад ийнхүү заажээ.

497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн 

511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.

511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.