Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарлалаа.

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Н.Номтойбаяр нь УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж буй.