Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж  шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон.

Шүүх хуралдаан 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлснээс хойш дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт  49 хүний оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна.

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж,

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж  зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүх хуралдаан үргэлжилж байна хэмээн Төв аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээллээ.