Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Тус хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн пүрэв, баасан гарагт хоёр өдөр үргэлжилж, шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны 09:00 цагт товлолоо.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь УИХ-ын 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй. Гэвч Цагдан хорих 469 дүгээр ангид хоригдож буй учир өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүний тангарагаа өргөөгүй  байна. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардсан иргэд шүүхийн байрны гадна жагслаа. Тэд "Ж.Эрдэнэбатыг сулла", "Ж.Эрдэнэбат улс төрийн хэлмэгдэгч", "Хуулиас давсан шүүхийн шийдвэрээ зогсоо", "Сэлэнгэчүүдийн сонголтыг чөлөөл", "Бид хууль үйлчилдэг нийгэмд амьдармаар байна" гэсэн үгтэй лоозонгууд барьжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар