Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт болсон билээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

Бичлэг үзэх:

"Эрдэнэт үйлдвэр дээр 6 сарын хугацаатай онц байдал тогтоох Засгийн газрын шийдвэр гарсан.  Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар доголдол учруулахгүй. Харин Эрдэнэт үйлдвэр дээрх санхүүгийн бичиг баримттай танилцана. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д оруулж энэ талаар мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Монгол Улсын Ерөнхий сайдын даалгавраар Засгийн газрын тогтоолыг нэн даруй хэрэгжүүлэх ажлын хэсэг гарсан. Мэдээллийн дараа бид Эрдэнэт үйлдвэр рүү хөдлөх болно. Эрдэнэт дээр Зүүн Өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын, луйврын систем хэрэгжсэн. 

Үүн дээр сүржигнээд байх зүйлгүй, хууль хэрэгждэг улсад энэ байдал шийдэгдчихсэн байх ёстой. Аливаа асуудал дээр зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг юм. Хуулиар олгогдсон үүргийн нэг нь ч гэмт хэрэгтэй тэмцэх. Тийм учраас Засгийн газар өөрөөс шалтгаалах зүйлээ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр шүүгч Мишиг овогтой Батсуурийг энэхүү мөнгө угаалтын системд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ, ШЕЗ-д гомдол гаргахаар боллоо. 

Төрд мөнгө байсаар байтал бусдад давуу байдал олгож, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой худалдан авах үйл ажиллагаанд оролцуулахгүйгээр, төрөөс их хэмжээний мөнгийг хууль бусаар гаргаж, УИХ-д хэлэлцүүлээгүй албан тушаалтныг АТГ өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ш.Сайханбилэг болон бусад албан тушаалтныг АТГ өгөх ёстой.

ЦЕГ, ТЕГ-аас энэхүү мөнгө угаасан хэрэгтэй холбоотой зарим нэг хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдөр прокурорт хандана. Прокурорын байгууллага жил орчмын хугацаанд ЦЕГ-ын үйл ажиллагааг тасалдуулсан. Цаашид шүүхэд хандана. Хэн гэдэг албан тушаалтан дээр очиж, ямар байдлаар энэ хэрэг гацахыг харая. Хууль хяналтын байгууллагууд өргөсөн тангарагтаа, үнэт зүйлдээ үнэнч байх нь уу эсвэл томилсон бүлэглэлдээ үнэнч байх нь уу гэдгийг ард түмэн харах л үлдлээ. 

Өчигдрийн үйл явдал болсны дараа зарим нэр бүхий улс төрчид, төрийн өндөр дээд албан тушаар хашиж байсан хүмүүс хууль хяналтын байгууллагад хандаж  уулзахыг хүссэн байна лээ. Энэ үйлдлээ таслан зогсоохыг хүсэе. Цаашид ийм үйл явдал гарвал нэр устай нь зарлана.