Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

Гадаад улсаас нийт 4 тусгай үүргийн онгоцоор 986 иргэнийг эх орондоо авчираад байна. Тухайлбал сүүлд Туркээс 267 хүн эх орондоо ирж тусгаарлагдлаа. Бид үүрийн 4 цаг хүртэл тусгаарлах ажлыг хийлээ. Халдвар хамгааллын дүрмийг хатуу баримталж ажиллана. Гаднаас ирсэн иргэдийн ачаа болон бичиг баримтыг авсан. Буцааж өгөх болоогүй.

Тусгаарлагдсан байранд байгаа хүмүүсээс гомдол нэлээн ирж байна. Иймээс 14 хоногт нэг удаа эргэлт оруулах шийдвэрийг гаргасан. Энэ үеэр тухайн өвчнийх нь эм, ариун цэврийн хэрэгсэл зэрэг хэрэгцээт зүйлсийг нь дөхүүлэх юм.

Зарим тусгаарлагдсан иргэд хоол ундны талаар гомдоллож байгаа сурагтай. Бид өнөөдөр нэг бүрчлэн танилцана. "Парк" зочид буудалд буулгасан хүмүүс гэхэд тагт дээр гарч шүлсээ хаяж байгааг бидэнд дуулгасан. Зургийг нь ч авчирч өгсөн. Энэ хүмүүс зочид буудалд буусан гэж эндүүрээд буудлын үйлчилгээ нэхээд байна. Түр хугацаанд халдвар хамгаалалтын дэглэм сахиж таны амь насыг хамгаалж байгаа гэдгийг ойлгоорой. Энэ мэтээр зарим иргэд өөрсдөө ухамсартай хандах ёстой зүйлс бий. Шууд хэлье. Энэ мэт зүйлс дээр арга хэмжээ аваад явах болно.

Мөн тусгаарлагдсан иргэд ариутгал хийгдэх ачаагаа алга болчихно гэж ихэд санаа зовж байгаа бололтой. Найз нөхөд, ах дүү дарга, удирдах албан тушаалтнуудаар дамжуулан ачаагаа авахыг хүссэн дуудлага нэлээн ирлээ. Гэтэл дүрэм журмаараа зорчигчдын ачааг ЗӨСҮТ ариутгаад 14 хоногийн дараа өгөх ёстой. Иймээс мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож, хүнээр  дамжуулан бидэнд холбогдохгүй байхыг хүсье.

Өвчний нөхцөл байдал дуусах болоогүй. Гэтэл хүмүүс тайвшраад хүүхдүүдээ дагуулаад гадуур дотуур явах нь эрс ихэсчихлээ. Хэрвээ гадуур явах бол хүүхдээ бүү дагуулаарай. Ард иргэд минь тайвшрах болоогүй шүү. Төрд бүх зүйлээ даатгаж болохгүй. Өөрсдөөс шалтгаалах зүйлээ заавал хийгээрэй гэж хүсэж байна. 

Бичлэг үзэх: