Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнгөрсөн мягмар гарагт баривчилж, байцаалт авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Улмаар тэдийг өчигдөр сулласан.

Үүнтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон бусад удирдлагууд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр О.Орхон "Сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдал боллоо. Үүнийг би улс төрийн зориолготой гэж үзэж байна. Албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор явагдаж байгаа арга хэмжээ гэж үзэхээс өөр аргагүйд хүрлээ. 

Яагаад гэхээр, нэгдүгээр баривчилгааны үйл явцыг та бүхэн харсан байх. Өмнө нь буюу өнгөрсөн оны дундуур Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор намайг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Үүнээс хойш дахиж албан ёсоор дуудаагүй, мэдэгдээгүй.

Уржигдар би гэрээсээ ажил руугаа явж байхад гэнэтийн хууль бус баривчилгаа явагдсан. Ямар үндэслэл, шалтгаанаар баривчилж буйг би асуусан боловч хэн ч юу ч хэлээгүй. Өмнө нь ямар нэгэн мэдэгдэллллл ирээгүй. Огт мэдэгдэлгүйгээр цагдаагийн тусгай хүчний тусламжтай олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэн, террорис баривчилж буй мэт үйл явдал боллоо.

Үүнийг урьдаас төлөвлөсөн байсан нь нотлогдож байгаа. Яагаад гэхээр өмнөх өдөр нь Л.Оюун-Эрдэнэ дарга мэдээлэл хийхдээ О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын залуус хоригдох болж буйд харамсаж байна гэдгийг хэлсэн. ингээд маргааш нь шууд баривчилсан. Мэдээж энэ хувь хүний эрх, хуулийг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Цагдаагийн байгууллага дээр зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Цагдаагийн мэдүүлэг авахаар дуудвал би өөрөө яваад л оччихно. Өмнө нь ч очиж байсан. 

Яагаад би өнөөдөр улс төрийн золиос болж байна вэ гэхээр, өнөөдөр монголын нийгэмд болж байгаа болохгүй бүх зүйл, улс төрд байсан, байгаа, цагдаа шүүхэд ажиллаж байсан олон албан тушаалтны цаана нэг байгууллага, нэг банк, нэг хүн байгаа мэтээр ард түмний тархийг зохион байгуулалттай угааж байна. Үүнийг өчигдрийн үйл явдал нотоллоо. 

Энэ бүх үйл ажиллагаанд шүүхэд гомдол гаргасны эцэст шүүхээр хууль бус үйл ажиллагаа байна гэдэг нь нотлогдож, өчигдөр орой суллагдсан" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр" Л.Оюун-Эрдэнийн нууцаас гаргалаа гээд буй Засгийн газрын тэмдэглэл 2016 оны 11 дүгээр сард нууцаас гарсан, сайтуудад бүрэн эхээрээ тавигдсан байсан. Тэр мөнгөний эх үүсвэрийн схем нь батлагдаагүй зүйл. Л.Оюун-Эрдэнэ зөвхөн өөрийнх нь ярьж буй зүйл л үнэн зөв, бусад хүний ярьж буй зүйл худлаа гэсэн утгатай нотлогдоогүй мэдээлэл хийж байна. Энэ бол өрөөсгөл зүйл гэдгийг хэллээ.

Мэдээллийг шууд дамжуулж байна.