НМХГ-аас  ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна.

Шинжилгээний хариугаар 2 ажилтан нь цусан суулгын шигелл нянгийн халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн нь илэрчээ. Эдгээр ажилтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн нян тээгч байсан уу, халдвар авсан эсэхийг шалгах ажээ. Тус ажилтны нэг нь 6 жил тус ресторанд ажиллажээ.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хордсон иргэдээс ч мөн цусан суулгын шигелл хэмээн нян илэрчээ.

Нийт 247 хүн хордсон бөгөөд үүнээс 40-өөд хүн нь хэвтэн эмчлүүлж байна.

Мөн тус сүлжээ ресторан хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулсан нь илэрчээ. Мөн ажилтнуудын эрүүл мэндийн талаар ямар нэгэн хөтлөлт бүртгэлгүй, хоол үйлдвэрлэлий стандартыг хангадаггүй байжээ.

Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Энэ сарын 9, 10, 11-ний өдрийн нийт 133 дээж сорьцод шинжилгээ хийж үзэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар илэрсэн байна. Зайсан KFC салбар усаа гүний худгаас хангадаг системтэй юм.

Ундаанаас нь Е-колли нян илэрсэн гэдгийг НМХГ-аас мэдээлж байна.

Тус рестораны гүний уснаас илэрсэн нитратын бохирдол нь ус удаан хугацаанд бохирдолтойг харуулдаг. Тахианы маханд ч нян илэрсэн бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс илрээгүй гэв.

Өнөөдрийг хүртэл KFC сүлжээ рестораны хоолноос хордож 247 хүн өвчилснөөс 42 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна.

“Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар”-ын “Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэс”-ийн дарга Д.Цэнд-Аюуш:

Шигеллийн төрлийн нян илэрсэн. "Таван Богд" компанийн дотоод хяналт сул гэдэг нь харагдаж байна. Учир нь өдөр болгон асуух ёстой асуумжийг мөрддөггүй, дотооддоо ажилтнуудаа сургадаг нь илэрсэн. Бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд тус салбарыг хаасан. 

Дээжээс илэрсэн дүнгийн хариуд бусад 11 рестораныг шалгахаар болсон. Хэрэв зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна. Уснаас нян илэрсэн нь цаг тухайдаа ариутгал хийж, шүүлтүүр хийдэггүйтэй холбоотой гэж үзэж байна. Үүнийг тодруулахаар нарийвчилсан шалгалт хийж эхэлсэн. Уг худагны уснаас 3 барилга усаа хангадаг. Төвлөрсөн бус усан хангамж учраас арчилгээ үйлчилгээ нэлээн шаарддаг. Өмнө нь уснаас энэ төрлийн нян илэрч байгаагүй.

- "Таван Богд" компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах уу?

-Хоол үйлдвэрлэл дээр тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Бид хуулийн дагуу ажиллаж нарийвчилсан шинжилгээ хийнэ. Хэрэв зөрчил залруулвал дахиад ажиллах боломжтой. Үйл ажиллагааг одоогоор түр зогсоогоод байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгодог.  Гэхдээ зөрчил болгон дээр торгоно. Мөн иргэдээс ирсэн гомдол тус бүр дээр бодит хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа:

Бид Зайсан KFC салбарын үйл ажиллагааг зогсоож, үлдэгдэл бараа материалыг устгуулсан. Нян тээгч илрүүлэх шинжилгээгээр 2 ажилтнаас цусан суулгын нян илэрсэн.  Нэгнийх нь шулуун гэдэсний арчдасаас уг нян илэрсэн. Өөрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс энэ хүнийг нян тээгч үү, цочмог хэлбэрийн халдвар авсан уу гэдгийг шинжилнэ. Өмнө нь Баянгол дүүргийг Урьдчилсан сэргийлэх төвд үзлэг шинжилгээнд хамрагдсан.

Бичлэг үзэх: