Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар Ц.Элбэгдоржийн өрөөнөөс зураг хурааж авсантай гэх мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар хийлээ.

Тэрээр "Би Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач нарын зургийг цуглуулдаг, хадгалдаг, гадаадын орнуудад сурталчилдаг, гадаадын зураачдыг Монголд авчирч эх орноо сурталчлах зэрэг нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг. Сая Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс зураг хурааж авсан гэх мэдээлэл цацагдлаа. Түүний өрөөнөөс биш манай зураг цуглуулдаг заалнаас зураг хурааж авсан. 

Энэ сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагаас над руу залгаад "Их тэнгэр" цогцолбороос зураг алга болсон, танай галерейд үзэх шаардлагатай байна гэж ярьсан. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй байсан учр би хуулийн байгууллагыг хүндэтгээд нэгжүүлсэн. "Их тэнгэр"-ээс 20 зураг алга болсон гээд зураачийн нэр, зургийн хэмжээг үзүүлсэн. Мэргэжлийн хүмүүсээр шинжилгээ хийлгэхээр алга болсон гэж буй зургуудтай ойролцоо 10 зургийг манайхаас хурааж авсан" гэв. 

Мөн тэрээр "Ц.Элбэгдорж гэдэг жижигхэн дэслэгч миний ганц эгчтэй гэр бүл болсон. Би бас өмнө нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь байсан. Түүний жолооч байхдаа уран зурагт илүү дурлаж, цуглуулдаг болсон. Өмнө нь намайг бага байхад миний өвөө, эмээ ч мөн зураг цуглуулдаг байсан. Тохиолдлоор би 2 Ерөнхийлөгчтэй их ойр болсон. Гэхдээ манай гэр бүр "Их тэнгэр"-ээс зураг хулгайлахаар хүмүүс биш. Нэг зургийг олон зураач өөр өөрийнхөөрөө зурах тохиолдол олон байдаг. Тиймээс алга болсон гээд буй зургуудтай төстэйг нь хурааж авсан. Шалгаад үнэнийг нь тогтоочих байх" хэмээлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.