БНСУ-ын ЭСЯ-нд виз авах зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлдэг этгээдүүдийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр "БНСУ-ын ЭСЯ-наас иргэдийн виз мэдүүлэлтийн талаар ЦЕГ-т хандсан. Ингэхдээ Монгол Улсын иргэд БНСУ-ын виз хүсэхдээ бичиг баримт, төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учир танай байгууллагад хандаж байна. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. 

Хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. БНСУ-ын ЭСЯ-наас ирүүлсэн 805 иргэний материалын тал хувийг нь одоогоор шалгалаа. Үүний үр дүнд 7 аж ахуйн нэгж байгууллага, 11 иргэн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. 

Дараах төрлийн бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж байна. Үүнд:

  • Банкны дансны хуулга
  • Банкинд байршуулсан 5 сая төгрөгийн гэрээ
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын тодорхойлолтууд
  • Их, дээд сургуулийн оюутан мөн гэсэн тодорхойлолт
  • Аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг гэсэн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон. Шалгалтын ажил үргэлжилж байна.

Эдгээр үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учир иргэдэд анхааруулах зорилгоор мэдээлэл хийж байна.

БНСУ-ын ЭСЯ-нд иргэдийн визийг мэдүүлэх эрхтэй төлөөлөн гүйцэтгэх тодорхой 10 байгууллага Монгол Улсад байдаг. Эдгээр байгууллага нь ямар ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой талаар иргэдэд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тус зөвлөгөөний дагуу иргэд өөрийн биеэр бичиг баримтаа үнэн зөв мэдүүлэх ёстой. 

Харин виз нь гараагүй, хэд хэдэн удаа буцаагдсан иргэд хэрхэн амар хялбар аргаар визний мэдүүлгийг бүрдүүлвэл виз нь гарах вэ гэсэн сонирхлын дагуу ч юм уу интернэтэд тавигдсан зарын дагуу баттай бус Визний зөвлөгөө өгөх газарт хандаж байна. Эдгээр нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх, эргээд иргэн өөрөө хохирогч болох нөхцлийг үүсгэдэг.

Үүний үр дүнд иргэн та 

Тодорхой хугацаанд дахин виз мэдүүлэх эрхгүй болох

Сэтгэл санаа, эдийн засаг, цаг хугацааны хохирол амсах учир найдвэртай байгууллагад хандаж, бичиг баримтаа үнэн зөвөөр бүрдүүлж өгөхийг уриалж байна" гэдгийг онцлон хэллээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.