Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа "Энэ сарын 5-нд Ардчилсан намаас бүх нийтийн жагсаал, цуглааныг зохион байгуулна. Тус жагсаалд манай Ардчилсан намын бүх гишүүн идэвхтэй оролцоно. Үүнд иргэдийг, ялангуяа эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Жагсаалыг хийх болсон гол шалтгаан нь өнөөдөр УИХ хийх ёстой ажлуудаа хийж чадаж байна уу, сонгууль өнгөрөөд 3 жил гаруйн хугацаа өнгөрлөө. Амлалтаа биелүүлэхэд хангалттай энэ хугацаанд эрх баригч МАН амлалтаа хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг асууж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, нийт ээжүүд, эмэгтэйчүүд тэдний амлалтыг нэхнэ.

МАН-ын сонгуульд ялалт байгуулсан мөрийн хөтөлбөрт маш олон ээж, эмэгтэй, гэр бүлүүд итгэж саналаа өгсөн. Үүнийгээ биелүүлэхийг шаардана. Өнөөдөр эдийн засаг хөгжсөн гэж ярьж байна. Гэтэл энэ өсөлт айлуудын хаалгаар орсонгүй. Ядуурал ихсэж байна. Ядууралд хамгийн их өртөж буй нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдэд ажлын байр олдохгүй байна. Мөн хувийн хэвшил рүү дайрдаг. Тэдний бизнес хийх орчин өдрөөс өдөрт таагүй болж байна. Маш олон монгол залуус гадаадад ажиллахаар хил даван явж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт буурч байна гэх зэрэг маш олон асуудал байна.

Сүүлийн үед нэлээд анхаарал татаад буй асуудал бол хүний эрхийн зөрчлийн асуудал. Яагаад энэ ардчилсан хуультай оронд хүний эрх зөрчигдөж байна вэ. Үүнийг хариуцсан хүмүүсээс хариуцлага тооцно. Ажил үүргээ яагаад биелүүлээгүй юм бэ. Яагаад ийм алдаа гарсан юм бэ.

Иймд мөрийн хөтөлбөртөө тусгасан ээж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдийг дэмжих амлалтуудааа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Маргааш буюу 4 дүгээр сарын 5-нд болох Ардчилсан намын Онц их хурлын үеэр үүнийг шаардаж, амлалт асууна. Эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдэгдлээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.