Шинэ коронавирусийн халдвар дэгдэж, уг вирусээс сэргийлэх арга хэмжээг дэлхий дахинд хэрэгжүүлж байна. Сэргийлэх арга хэмжээний хамгийн гол зүйл нь хүн бүр амны хаалт зүүх юм. Гэвч манай улсад иргэдийн хэрэгцээг хангах амны хаалт байхгүй, зохиомлоор үнэ өсгөж, хомсдол үүсгэж байна гэх мэдээлэл гараад буй. Үүнд ШӨХТГ хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ "Монгол Улсад үүсээд буй асуудлын дагуу амны хаалт, ариутгагч бодисын нөөцийн үнэ өссөнтэй холбоотой болон нөөц дууссан эсэхэд хяналт шалгалт хийсэн. Бид Гаалийн ерөнхий газар, эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний томоохон төвүүдээс мэдээлэл гаргуулж авч үзсэн. 

2020 оны нэгдүгээр сарын 28-ны байдлаар Монгол Улсад 278 мянган ширхэг амны хаалтыг импортоор оруулж иржээ. 

Мөн манай улсад "Тун фарм" гэдэг нэг үйлдвэр л амны хаалт үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр нэгдүгээр сарын 20-ноос хойш хоногт 40 мянга орчим амны хаалт үйлвэрлэж, нийлүүлж байна. 

Улмаар хяналт шалгалтаар улсын нийт хүн амын хэрэгцээ, шаардлагыг хангах хэмжээний амны хаалт байхгүй, цөөн тоогоор оруулж ирж буй нь хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж үзлээ. Аж ахуй эрхлэгчид зохиомлоор хомсдол үүсгэсэн, амны хаалтын нөөц байгаа ч борлуулахгүй хязгаарлалт хийсэн, өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал үүсээгүй. Оруулж ирсэн нийт амны хаалтаа борлуулаад дууссан гэсэн дүгнэлт гарсан. 

Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн. 

Өрсөлдөөний тухай хуульд төрийн захиргааны байгууллагууд аливаа нэг аж ахуй эрхлэгчдэд давуу байдал олгохыг хориглодог. Гэхдээ тус хуулийн 13 дугаар зүйлийн 3-т улс оронд онцгой нөхцөл үүссэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага онцгой нөхцөлийг даван туулах хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үүднээс аж ахуй эрхлэгчдийг дэмжих, төрөөс зохицуулалт хийхийг зөвшөөрдөг. 

Тиймээс үүссэн нөхцөлтэй холбоотойгоор амны хаалт, бусад ариутгалын бодис импортолж буй байгууллагуудыг дэмжих зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлж байна. Мөн импортын лицензийг нь цаг алдахгүй шуурхай олгож, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн" хэмээн мэдээллээ.