Өнгөрсөн даваа гарагт Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамед “Шүгэл үлээгч нар авлигын талаар мэдээлэхээс айх шаардлагагүй болсноор хэргийн тоо өсч байна” гэж хэлсэн байна.

Тодруулбал, Авлигын эсрэг олон улсын академи дээр болсон уулзалтан дээр тэр “Малайзын Засгийн газар авлигын талаар мэдээлсэн хүмүүсийг Шүгэл үлээгчийн тухай хуулиар маш сайн хамгаалдаг болсон” гэжээ.

Мөн Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж, гишүүд нь хөрөнгөө тус улсын Авлигын эсрэг хороонд мэдүүлдэг болсон байна.

Ерөнхий сайд Махатир:

"Авлигыг бүрэн устгах боломжгүй бас дан хуулиар тэмцээд хангалтгүй. Зарим улс орны хувьд бүх түвшинд авлига байхад зарим улс оронд тун бага түвшний авлига байна. Бага түвшний авлигатай улс оронд иргэд авлигыг жигшиж, тэмцдэг. Харин ийм зан төлөвийг хүнд залуу наснаас нь төлөвшүүлэх шаардлагатай. Хэрэв манай улсад ийм соёл байвал хууль тогтоомжоор зохицуулах төдийлөн шаардлага байхгүй" гэж нэмж хэлсэн байна.