Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хийж буй хяналт шалгалтын талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтын хүрээнд харилцааны холбооны салбарын байгууллага болох "Мобиком корпораци"-д хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ оны нэгдүгээр сарын 24-нд "Мобиком корпораци" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "иргэд хэрэглэгчидээ өөр багцын үйлчилгээнд шилжүүлж буйгаа мэдэгэж, хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэгэн багцын үйлчилгээ сонгоогүй байх юм бол өөрсдөө багц сонгож өгч үйлчилгээ үзүүлнэ" гэсэн мэдэгдэл гаргасан байна. Үүний дагуу Агентлагийн даргын удирдамжтайгаар нэгдүгээр сарын 24-нд бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлж буй эсэхэд хяналт шалгалтын ажил зохион байгуулсан. 

Шалгалтаар тогтоогдсон гол зүйлүүд нь:

Нэгдүгээрт, Бараа бүтээгдэхүүнийхээ үйлчилгээний талаар хэрэглэгчдэд бодитой, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна гэдгийг тогтоосон.

Хоёрдугаарт, "Мобиком корпораци"-ийн хэрэглэгчидтэй байгуулж буй гэрээнд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүд оруулсан байна гэдэг зөрчил дутагдлуудыг илрүүлсэн. Энэ хэрэг маргааны шалгалт прокурорын хяналтад хийгдсэн учраас "Мобиком корпораци"-д Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Мөн гэрээг нь хүчин төгөлдөр бус гэж тооцсон. 

Энэ зөрчил, торгосон шийдвэрийг яагаад танилцуулаад байна вэ гэхээр үүрэн телефонын оператор компаниуд, харилцааны холбооны салбарт ажиллаж буй ААН-үүдэд анхааруулж байна. Ямар нэгэн байдлаар гэрээ, үйлчилгээнд чинь өөрчлөлт орж байгаа бол хэвлэл мэдээллээр мэдэгдэл гаргахаа таслан зогсоо. Иргэд хэрэглэгчдэд үйлчилж байгаа бол хэрэглэгч нэг бүрт хүрсэн ажлыг зохион байгуул. Танай байгууллагын өөрчилсөн гэрээг хэрэглэгчид хүлээн зөвшөөрч, харилцаг тохиролцсон тохиолдолд өөрчлөх үйл ажиллагаагаа зохион байгуул гэдэг шаардлагыг тавьж байна" хэмээн мэдэгдлээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-т: Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.