Нийслэлийн Соёл, урлагийн газраас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Глоб Интернэшнл” ТББ-тай хамтран Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах “Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдааныг дэмжин ажиллаж байна. 

Энэхүү уралдааныг ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаар баталсан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Тус уралдааны гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд залуучуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Сонирхсон уран бүтээлчид уралдаанд оруулах бүтээлээ 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор удирдамжид заагдсан хаягийн дагуу явуулах бөгөөд холбогдох мэдээллийг уралдааны удирдамжаас үзнэ үү гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.