Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Шивээхүрэн боомтод үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн байгууллагууд тээвэрчид хүндхэн нөхцөл байдалд ороод байна. Учир нь нүүрс ачсан машинууд нийт 43:2 км зам тууж БНХАУ-ын Цэкэ боомтод нүүрсээ буулгадаг аж. Гэвч хилийн таталт муудсанааас урт дараалал үүсжээ. Шалтгааныг нь БНХАУ-ын талаас авахаар төлөвлөсөн нүүрсний хэмжээ дууссан гэдгийг албаны хүмүүс тайлбарлаад буй.

Өнөөдрийн байдлаар энэхүү дараалал хилээсээ 25 км өнгөрсөн гэв. Шивээхүрэн боомтод Монгол талдаа жолооч нар байрлах байртай компани нь зөвхөн Терра экспресс. Харин үлдсэн жолооч нарын хувьд 14 хоногийн турш кабиндаа хонож, явуулын баталгаагүй хоол, хүнсээр хооллож байгаа аж. Ийнхүү олон хоногийг замдаа өнгөрүүлж буй нүүрс тээврийн жолооч нар авсан цалингийнхаа ихэнхийг хоол, хөлдөхгүйн тулд машинаа асааж буй түлшиндээ зарцуулж байна гэдгийг Тээвэрчдийн гэргий нарын холбоо ТББ мэдэгдлээ. Жолооч нарын хувьд ч олон хоног хүлээж бухимдаж мөн даарахдаа архи дарс хэрэглэдэг, үүнээсээ болж хэрэг зөрчил гаргах эрсдэл ч үүссэн гэв.

Дээрээс нь нүүрс тээврийн компанийн хятад эзэд цалинг нь өгдөггүй, НДШ-ийг нь төлөхдөө компани ААН-ийн төлөх ёстой хувийг ч жолооч нараас авдаг, нийгмийн бусад халамжаас хүртэж чаддаггүй зэрэг асуудлууд тулгараад байна. Тиймээс маргааш уг асуудлаар Пума империал зочид буудалд зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ.

Жолооч нарын хувьд төр засгаас уг асуудлыг цэгцэлж, хилээ түр хаахыг хүсэж буй. Ингэж зохион байгуулаагүй цагт ашиг хөөсөн тээврийн компаниуд жолооч нарыг ажиллуулж, олон хоног өдрөөр зам дээр хонуулсаар байх юм.

Шивээхүрэн боомтод одоогоор 2200 гаруй машин нүүрс тээвэр хийж байна.