Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр барих гэж буй Усан цахилгаан станц /УЦС/ Монголын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй. Ийм дүгнэлтийг Оросын Л.А.Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэнгийн захирал Валерий Стенников ТАСС агентлагийн Новосибирск дэх мэдээллийн төвд ярилцлага өгөхдөө хийжээ. 

“Монголчуудын 2030 он хүртэлх эрчим хүчний хэрэглээний өсөлтийг одоогийн түвшинтэй харьцуулахад эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс УЦС-ууд энэ асуудлыг шийдэж чадахгүй” гэж тэрбээр хэлсэн байна. 

Одоо Монголд хэд хэдэн Дулааны цахилгаан станц /ДЦС/ ажиллаж байна. Эдгээр станц үндсэн суурь ачааллыг үүрч байгаа боловч өглөө, оройны хэрэглээний “оргил үед” нэмэлтээр маневрлах станц хэрэгтэй. Ийм станцын хувиар УЦС-уудыг барихыг санал болгож байна. Гэвч энэ нь 2030 он хүртэлх өсөлтийг харгалзалгүйгээр зөвхөн өнөөдрийн асуудлыг шийднэ гэж шинжээч тайлбарлажээ. 

Монголын эрчим хүчний хомсдолыг шийдэх хэд хэдэн хувилбар бий гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна. Тэдгээрийн нэг нь говийн бүсэд олон улсын түвшинд хүчин чадал ихтэй нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулах “Говь ДЦС” төсөл юм.  

“Бүх талд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн оновчтой бөгөөд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэйг нь сонгохын тулд бүх хувилбарыг судалж үзэх хэрэгтэй. Хамгийн үр ашигтай сонголт бол Оросоос Монголд эрчим хүч нийлүүлэх гэж үзэж байна. Бид бүх хэрэглээг хангаж чадна. Энэ нь бидэнд төдийгүй Монгол Улсын хувьд өртөг багатай, байгаль орчинд учруулах хор хөнөөл нь ч бага байх болно” гэж Стенников хэлжээ. 

Эрчим хүчний хомсдолд ороод байгаа Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр болон түүний цутгалууд дээр УЦС барих төлөвлөгөөг сүүлийн хэдэн жил хэлэлцэж байгаа юм. “Шүрэн” төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа өмнө нь Дэлхийн банк мэдэгдсэн билээ. Оросоос Монголд эрчим хүч нийлүүлэх хувилбарыг боловсруулах ажил 2017 онд эхэлсэн байна. 

Сэлэнгэ мөрөн болоод цутгалууд дээр нь УЦС барих Монголын төслүүдийг орлох хувилбар болох Оросоос Монголд эрчим хүч нийлүүлэх асуудлаар хөрш орон байр сууриа илэрхийлээгүй байгаа учир уг асуудлыг одоогоор шийдээгүй байна гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Вячеслав Кравченко 2018 оны тавдугаар сард Буриадын Улаан-Үд хотод очих үеэрээ мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS