НЬЮ-ЙОРК. /TASS/. Нурсултан Назарбаев Казахстан улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгохоор шийдсэн. Энэ нь өөрийн нэр төрдөө санаа тавьж буйг, мөн эрх мэдлийг эмх цэгцтэй, зохион байгуулалттай шилжүүлэн өгч, залгамж халааг нь таслахгүй байх гэсэн эрмэлзлийг харуулж байна. Ийм дүгнэлтийг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Төв Азийн хөтөлбөрийн удирдагч Марлен Ларюэль хийснийг “The New York Times” сонинд нийтэлжээ.

“Назарбаев олон улсын тавцан дахь өөрийн нэр хүндэд санаа тавьж байна. Тэрбээр бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болоогүй байхад албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгчийн хувиар дурсагдан үлдэнэ гэж бодсон” хэмээн Ларюэль онцлон тэмдэглэсэн байна.  

"Казахстан улс гадаад бодлогын хувьд АНУ-тай найрсаг харилцаагаа хадгалахын сацуу хоёр том хөрш Орос, Хятадтай харилцахдаа тэнцвэртэй байдлыг чадамгай хадгалсаар ирсэн” гэж “The New York Times” сонинд гарсан нийтлэлд дүгнэжээ. 

Казахстаны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгож буйгаа мягмар гарагт мэдэгдсэн билээ. Гэхдээ тэрбээр тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, “Нур Отан” намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх Казахстаны парламентын Сенатын танхимын /дээд танхим/ дарга Касым-Жомар Токаевт түүнийг ард түмэндээ тангараг өргөсний дараа шилжинэ. Тэрбээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-нд тангараг өргөнө.

Эх сурвалж: Монцамэ агентлаг