Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 11.108 хүнд шинжилгээ хийхэд 48 хүнээс коронавирус илэрлээ. 

Сүүлд бүртгэгдсэн 48 тохиолдол нь бүгд Улаанбаатарт бөгөөд Баянгол дүүрэгт 7, Хан-Уул дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 5, Сонгинохайрхан дүүрэгт 9 тохиолдол бүртгэгдсэн.

Тэдний 43 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал буюу хяналтад авсан голомтоос илэрсэн. 2 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр илэрсэн тохиолдлуудын хавьтал байна. Одоогоор 3 хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна. 

Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.

Улмаар Улаанбаатар хотод нийт 2155 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2481, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 3000 тохиолдол боллоо. Тэдний 77.6 хувь буюу 2330 нь эдгэрсэн байна. Одоо нийт 655 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9, хүндэвтэр 71, хөнгөн 574 хүн байна.

Коронавирусийн халдвар үйлдвэр, үйлчилгээний газар, ялангуяа хүнс, худалдааны захуудад ихэвчлэн бүртгэгдэж буй тул иргэд хүн олон цугласан үйлдвэр үйлчилгээний газраар зорчихдоо амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.