Коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдө мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторт 502 хүний шинжилгээг хийсэн. Үүнд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтаар хийсэн 19 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ.

Нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн байсан учир өнөө өглөө ХӨСҮТ-ийн тусгай баг очин авчирч, ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэх ажилдаа орсон. Бусад 12 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан. Тэднийг нэг нэг өрөөнд тусгаарлан эмчилж эхэллээ" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ОХУ-аас ирсэн 282 хүн Москвагаас Улаан-Үдэ хот руу нислэгээр, Эрхүүгээс Улан-Үдэ рүү автобусаар ирсэн. Москвагаас Улаан-Үдэ рүү онгоцоор ирсэн иргэдийг Амар зочид буудалд байрлуулсан. Өмнө нь батлагдсан тохиолдол болох ОХУ-аас ирсэн иргэн Москвад сурч байсан. 30 оюутныг түүний ойрын хавьтал гэж үзсэн байснаас 13-аас нь короновирус илэрсэн. 13 хүний ойрын хавьтал нь тэд өөрсдөө. Коронавирус илэрсэн оюутнуудын зарим нь шинж тэмдэггүй, заримаас нь 1-2 шинж тэмдэг илэрсэн. 19-23 насны хүмүүс байна. Дархан-Уул аймгаас илэрсэн нэг тохиолдол нь эхний тохиолдолтой нэг сургуульд сурдаг оюутан" гэлээ.

Улмаар манай улсад коронавирусийн нийт 30 тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь эдгэрч, 25 нь эмчлүүлж байна.  Илэрсэн тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.