БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн коронавирусын шинэ төрөл нь өндөр хэмээр халуурч, ханиалгах шинж тэмдгээр илэрч эхэлдэг болохыг Ухань хотын эрүүл мэнд хариуцсан хорооны мэдэгдэлд дурджээ.

Хатгалгааны үл мэдэгдэх энэхүү өвчин нь коронавирусын шинэ төрлөөр үүсгэгдсэн болохыг өмнө нь шинжээчид тогтоосон. Энэ сарын 11-ний байдлаар коронавирусын шинэ төрлөөр өвчилсөн 41 тохиолдол бүртгэгджээ. Судалгааны урьдчилсан дүнгээр, энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь далайн бүтээгдэхүүний захаар ордгоо хэлсэн бол харьцангуй бага хувь нь үүнийг үгүйсгэсэн байна. 

“Энэ өвчин нь эрт үедээ өндөр хэмээр халуурах, ханиалгах шинж тэмдгээр удаан зөөлөн хэлбэрээр илэрдэг байна. Өндөр настай хүмүүст болон өөр өвчинтэй хавсарч илэрсэн тохиолдолд хүнд хэлбэр лүү шилжихдээ илүү хурдан байдаг” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг