Шинэ жилийн баярыг бүх оронд тэмдэглэдэг. Арга барил нь янз бүр байх ч бүгд л хуучин бүхнийг үдэж, шинэ онтойгоо золгодог. Он солигдоход хүмүүс гудамж, талбайдаа цуглан, галын наадам үзэж, шөнөжин бүжиглэж, эсвэл маш этгээд сонин уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлэх нь бий. Тэдний дундаас шинэ жилийн уур амьсгал хамгийн их ордог газруудыг “Fodors.com”-оос нэрлэжээ. 

Эхний дурдах нэр бол Нью-Йорк. Алдарт Таймс Сквэр гудамжинд 5000 гаруй килограммын жинтэй болор бөмбөлөг од адил гялтганана. Он солигдох мөч ирэхэд Уан Тайм Сквэр цамхгийн дэлгэц дээр 60 хором цохилох ажээ. Тэнд цугласан сая гаруй хүн арав, ес, найм хэмээн нэгэн дуугаар тоолж, догдолж, бас баярлахыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Цагийн зүү 12.00 цагийг зааж, галын наадам эхлэн, нисдэг тэрэгнээс сая гаруй хүнийг харуулж, домогт Франк Синатрагийн “New York, New York” дууг бүгд дуулах сайхан биш гэж үү? Он солигдсоны дараа хэн нэгний уруул дээр үнэсэж, ирэх жилийн аз завшааныг дуудах нь Барууны уламжлал. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Нью-Йоркийн Таймс Сквэрт он солигдох мөчийг дамжуулдаг нь ёс болжээ.

Рио де Жанейрог багт наадмыг л сайхан зохион байгуулдаг гэвэл эндүүрэл. Тус хотын Копагавана далайн эрэг дэлхийн хамгийн том шинэ жилийн баяр зохион байгуулдаг. Дэлгэрүүлбэл, хоёр сая гаруй хүн цуглаж, “Reveillon” нэртэй шашин, уламжлал, сүсэг бишрэлийг хамтатган баярлацгаадаг. Цугласан олон аз завшааныг билэгдэн зулайгаас хөлийн хуруу хүртэл цагаан хувцас өмсөж лусын эх дагина Йемайяг тэтгэнэ хэмээн баглаа цэцэг далайд өргөнө. Харин он солигдох мөчид далайн дээр сүржин гэгч галын наадам болдог ба эрэг дагуух зочид буудлын дээд давхраас хамгийн сайхан харагддаг гэнэ.

Сидней хотыг онцлох хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Сидней бол шөнө дунд хонх цохисон анхны хотуудын нэг. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн харууштай галын наадам энэ хотод болдог. Эхнийх галын наадам 21.00 цагт болдог бол дараагийнх нь 24.00 цагт хотыг гэрэлтүүлдэг байна. Нутгийн уугуулчуудын уламжилж ирсэн заншил бол утаа угаар гаргаж муу сүнсийг хөөн зайлуулах.

Шинэ жилийн баярыг тэмдэглэдэг уламжлалыг сонирхвол тун ч хачирхалтай зүйл олон бий. Тухайлбал, АНУ, Их Британи, Ирланд, Канад тэргүүтэй орнуудад шинэ жилийн өдөр, хахир хүйтэнд мөстэй усанд шумбаж баярладаг. Үүнийгээ Туйлын баавгайн шумбалт гэж нэрийддэг ажээ.

Харин Грек, Кипрт гэр бүл, хамаатан саднаараа цуглан шөнө дунд гэрлээ унтрааж Василопита хэмээх нэг ширхэг зоос нуусан бялууг зүсэж иддэг. Зоос таарсан хүн ирэх ондоо туж азтай байна хэмээн грекчүүд бэлгэддэг байна. Бялуугаа идсэний дараа Триантейна хэмээх тоглоом тоглодог.

Филиппинд шинэ жилийн баярыг Зул сарын баяртай адилтган үзэж, муу сүнс ирэх онд нь гай зовлон авчрах вий хэмээн гудамжинд гарч чанга дуу чимээ гаргадаг. Ингэснээр муу сүнс зайлна хэмээн бэлэгшээдэг аж. Харин баярын ширээ идээ, ундаар дүүрэн байх ба ирэх жилийн 12 сарыг бэлгэдэж 12 төрлийн бөөрөнхий жимс тавьдаг уламжлалтай.

Манай орны шинэ жилийн үдшийг тэмдэглэж өнгөрүүлэх соёл тэр чигтээ хойд хөршөөс орж ирсэн гэж болохоор. Галын наадам, оргилуун дарс, төмсний салат, мандарин, он солигдохын өмнөх Ерөнхийлөгчийн илтгэл гээд л сэтгэлд дотно санагдаж байгаа биз. ЗХУ-ын үед Оросын шашин, сүсэг бишрэл дарагдсан тул Зул сарын баяр тэмдэглэдэг орнуудаас гацуур мод, Дед Мороз буюу Санта Клаус зэрэг уламжлалыг “татаж авчирсан” гэдэг.

Францчууд ирэх жилийн төлөв байдлыг он солигдох мөчийн салхины аясаар тодорхойлдог уламжлалтай. Салхи баруунаасаа бол жимс, ногоо арвин ургана. Зүүнээс бол загас, мал аж ахуй төлжинө. Хойноос салхилбал, тэр жилдээ цаг агаар тогтуун байна хэмээдэг бол урдаас салхилбал, үр тариа ургахгүй гэж үздэг байна.

Дарсаар баялаг испаничууд цагийн зүү 12-ыг заахад гартаа 12 ширхэг усан үзэмтэй зогсдог. Хонх 12 удаа цохиж дуусахад 12 усан үзмээ идэж дуусгасан байвал ирэх жилдээ аз хийморьтой байна хэмээн бэлэгшээдэг ажээ.

Он солигдож, шинэ оноо угтсан анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нийг ч олон улсад бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хоккей, хөлбөмбөгийн тэмцээн зохиох, баярын жагсаал, тоглолт, ёслолын зоог, сүмийн арга хэмжээнд оролцож, гэр бүлээрээ өнгөрөөх учиртай. Түүнчлэн буяны арга хэмжээнд оролцож, хандив өгч, шинэ зорилгодоо хүрэхийн тулд хичээж эхэлдэг байна. Монголын залуучуудын холбооноос харин шинэ оны шинэ нарыг харах өдөрлөгийн дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Багахангайн Хангайн зөрлөгөөс нэгдүгээр сарын 1-ний нарыг харах сонирхолтой хүн нэмэгдсээр байгаа нь нэгэн шинэ хандлага гэж болохоор. 

Харин сүүлийн үеийн зарим трендээс дурдвал, гэртээ үдэшлэг зохиох, шөнийн клубийн тусгай үдэшлэгт оролцох, гэр бүлээрээ гадуур хоол идэж өнгөрөөх болсон. Мөн алсыг харагч, завь, усан онгоц дээрээс галын наадам үзэх нь ихэсч байна. Монголд саяхныг хүртэл гэртээ шинэ оноо угтдаг байв. Харин сүүлийн жилүүдэд төрөөс, хувь хүмүүс ч үүнд илүүтэй анхаарч, оддын тоглолт, галын наадам, үдэшлэг зэргийг чухалчлах болжээ. Монголчууд шинэ оноо ямархуу байдалтай, хаана өнгөрөөснөөс ирэх жил нь шалтгаална хэмээн бэлэгшээдэг ард түмэн. Магадгүй ийм шалтгаанаар гэртээ өнгөрөөхийг илүүд үздэг байж мэдэх юм. Ямартай ч  орон орны соёлыг орчуулж суухдаа би хувьдаа уламжлалаасаа буцаж, гэр бүлийн хамтаар Улаанбаатарын төв талбайд, тэнгэрт гялтаганах гэрэлт оддын доор оргилуун дарс буудуулж шинэ оноо угтахаар шийдлээ.