УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл ээлжит хуралдаанаа нээлттэй хийлээ. 

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслөөр ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудаас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ц.Баттуяа, Өмнөговь аймгийн “Цагаандэл” боомтын асуудлаар геологич Ц.Бээжин, Банкны зээлийн хүүгийн асуудлаар Зээлдэгчдийн холбооны тэргүүн Солонго, Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй эм, эмнэлтгүүдийн асуудлаар эмч Д.Алтанцэцэг, Н.Сайхан-Уянга нарын мэдээллийг сонсож, асуултдаа хариулт аван, байр сууриа нэгтгэлээ. 

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг үйлчлүүлэгч нь хэрэгт холбогдолгүй болох талаар тодорхой баримтууд болон өмгөөлөгчийн гэр бүлд аюул заналхийлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр УДШ-ийн ерөнхий шүүгчид хандан гомдол гаргах хугацааг сэргээх тухай хүсэлт гаргасан байна. 

Өнгөрсөн долоо хоногт ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл уулзаж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн санал бэлэн болсон байна. 

Энэ саналд нэгдүгээрт, сонгуулийн саналыг хар машинаар тоолох нь сонгогчийн саналын эрхийг зөрчсөн явдал. Иймд саналыг хар машинаар биш гараар тоолох нь зүйтэй. Хэрэв хар машинаар тоолохоор болвол хяналтын тооллогыг 100 хувь хийх хэрэгтэй гэж үзсэн байна. 

Хоёрдугаарт, сонгуулийн тойргийг байгуулахдаа нэг мандатад ногдох сонгогчийн тоог ижил тэнцүү байх зарчимд тулгуурлах нь зүйтэй гэдэг саналыг хүргүүлж байна.

Гуравдугаарт, сонгогчийн эрхийг зөрчсөн олон арван заалт уг төсөлд байгаа учраас эдгээр зүйл заалтыг эргэн харж, сонгогчийн эрхийг баталгаажуулаах чиглэлд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байна. 

Дөрөвдүгээрт, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, ялангуяа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн, хүн амины хэрэг үйлдсэн, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр ял авч, шийтгэл эдэлж байсан хүмүүсийг сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг нь хязгаарлах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргаж байна. 

Тавдугаарт, иргэд, улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, сонгуульд орох эрхийг нь хязгаарласан зүйл заалтуудыг эргэн харж, улс төрийн намууд эвсэж оролцох эрхийг нь хангаж, баталгаажуулах чиглэлд тодорхой заалт тусгах санал гаргасан байна. ШИНЭ намын зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь Өмнөговь аймагт шинээр нээхээр төлөвлөж буй Цагаандэлийн боомт. Тус аймагт нүүрс экспортлох зорилгоор нээсэн хоёр том боомт ажиллаж буй. Үүнээс улбаалж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээллүүд ирдэг. Иймд нутгийн иргэд одоо үйл ажиллагаа явуулж буй хоёр боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхийн оронд шинээр боомт нээх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг улам ихээр алдагдуулахад хүрч байгаа талаар УИХ, Засгийн газарт гомдол хүсэлт гаргасан байна.